С.Буянт: Удаа дараа шантааж хийсэн "Neguun.mn" сайтын редакцыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн
Энэ сарын 12-ны өдөр "Neguun.mn" сайтын цахим хуудсанд "Юнимед Интернейшнл" эмнэлгийн удирдлагууд ажилтнуудынхаа цалинг тавьдаггүй гэх агуулгатай мэдээлэл гарсан юм. Уг асуудлаар тус эмнэлгийн удирдлагууд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Энэ талаар "Юнимед Интернейшнл" эмнэлгийн Гүйцэтгэх захирал С.Буянт "Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд орж байгаа эмэгтэй хүн, нөхөр, гэр бүлийнхэн нь маш эмзэг байдаг. Ийм эмчилгээнд орж байгаагаа ойр дотнын хүмүүстээ ч хэлдэггүй, нууцалдаг.
Тиймээс бид үйлчлүүлэгчдийнхээ нууцыг хамгаалах үүрэгтэй хүмүүс.
Тухайн өдрийн 15:00 цагийн орчимд тухайн үед ажлаас гарах гэж байсан н.Дөлгөөн гэж эмэгтэй "Аавынхаа дансаар цалингаа авмаар байна" гэж орж ирсэн. Тэгэхээр нь "Өргөгдлөө биччих. Өнөөдөртөө тооцоогоо дуусгана" гэж хэлээд цайндаа орчхоод ирсэн чинь удалгүй сэтгүүлчид дагуулаад ирсэн юм.
Тэд манай хүлээн авахын үүдэнд камераа байршуулаад нэг нь микрофон бариад нэмээд гурав, дөрвөн хүмүүс гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Тэр үед манай ажилчдаас гадна үйлчлүүлэгчид сууж байгааг бичлэг дээрээс харж болно. Болсон үйл явдлын дараа хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд гурван машинтай долоо, найман хүн ирээд тал талаас бичлэг хийж эхэлсэн байсан. Бид "Neguun.mn" сайтын ажилчдыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Хуулийнхан шалгаж байгаа асуудлаар дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.
Бид анхандаа тухайн сэтгүүлчийг хэн болох, аль байгууллагаас явж байгаа болон ямар мэдээлэл авах гэж байгаа талаар огт мэдээлэл аваагүй. Асуултад нь бүрэн хариулах боломж олголгүй дайрч эхэлсэн.
Бид тухайн ажилчны цалинг олгосон. Гэтэл хууль хяналтын байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гараагүй байхад "Neguun.mn" сайтын сэтгүүлчид өчигдөр ярилцлага авахаар ирсэн. Энэ бүгдийн цаана дарамт шахалт үзүүлж мөнгө салгахаар ийм дарамт үзүүлж байна гэсэн хардлага төрж байна.
Бид энэ бүх баримтыг хууль хяналтын байгууллага болон Хэвлэл мэдээллийн ёс зүйн хороонд хандсан" гэв.
"Манай эмнэлэгт 60 гаруй хүн ажиллаж байна. Тэднээс цалингаа аваагүй гэж гомдол гаргасан хүн байхгүй"
Тэрбээр "Манай эмнэлэг 1997 онд байгуулагдсан. Анх хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлээр ажиллаж байгаад 2012 оноос үр шилжүүлэн суулгах лазер технологи бүхий хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи ашиглаж үр шилжүүлэн суулгах лаборатори бүхий эмнэлгийг Монголдоо анхдагч болон байгуулагдсан.
2014 оноос хойш 12 жилийн хугацаанд манай эмнэлэгт 8,000 гаруй гэр бүл хандаж үр хүүхэдтэй болсон. Дэлхий даяар үр шилжүүлэн суулгах эмчилгээг 30-40 хувьтай хийдэг. Манай эмнэлгийн хувьд 35 хувьтай байна.
Манай эмнэлэгт одоогоор 60 гаруй ажилтантай. Гомдол гаргасан гэх ажилтан нь энэ оны есдүгээр сараас хойш ажиллаж байсан. Түүнээс биш "Neguun.mn" сайтынхан хэлээд байгаа шиг 20 гаруй хүний цалинг өгөөгүй гэх асуудал байхгүй. Ийм баримт байгаа бол дэлгэж гаргах хэрэгтэй" гэлээ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
