У.Отгонбаяр гишүүний санаачилгаар хаврын хахир цагт хурдан морь уралдуулж хүүхдийнхээ эрхийг "хамгаалдаг" болох нь

А.Ням-Өлзий, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 26 гишүүний 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2026.11.18/ хуралдаанаар хэлэлцэн дэмжив.

Өөрөөр хэлбэл, өмнө нь шүүхийн шийдвэрээр хориглоод байсан хаврын морин уралдааныг дахин сэргээх агуулгатай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг байнгын хорооны нэр бүхий гишүүд дэмжсэн хэрэг. 

У.Отгонбаяр нарын өргөн мэдүүлсэн хуулийн өөрчлөлтөд: 

- Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанаас гадна хаврын хурдан морины уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулж болно.

- Хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны эсхүл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан товлож, зохион байгуулна. Уралдааны товыг Засгийн газрын шийдвэрээр тогтооно.

- Хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахдаа дараах шаардлагыг хангасан байна:

  • морь уралдуулах замыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг бүрэн хангаж, уралдуулах;
  • уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулах;
  • уралдаанч хүнд дулаанаа хадгалдаг, салхи, ус, цас нэвтрүүлдэггүй хувцас, осол, гэмтлээс хамгаалах хэрэгсэл өмсгөж уралдуулах бөгөөд эдгээр хувцас, хэрэгсэл нь сэрүүний улиралд тохирсон байх;
  • уралдаанч хүнийг даатгалд заавал даатгуулж, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн түүнтэй болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулсан байх;
  • хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг хаврын хурдан морины уралдааны замд өртөөчлөн байрлуулж, тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангасан байх;
  • аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах бэлтгэл ажлыг хангасан байх.
  • Хаврын хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг уралдуулна. Уралдаж байгаа морины насны ангиллаас хамаарч азарга, соёолон насны морьд 16-17 километр, их насны морьд 18-19 километр замыг туулж уралдана.
  • Хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах бэлтгэл, аюулгүй байдлыг хангах, хэрэгжилтийг хянах журмыг Засгийн газар батална.
  • Хувцас хэрэгслийн стандартыг хүүхдийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон үндэсний морин уралдаан, уяачдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллагын саналыг үндэслэн боловсруулж, стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

Хаврын морин уралдааныг сэргээхийг хэн санаачилсан бэ?

Тус хуулийн төслийн автор нь УИХ-ын гишүүн У.Отгонбаяр. Түүнтэй хамт Ц.Даваасүрэн, Ч.Анар, М.Бадамсүрэн, Р.Батболд, Ж.Батсуурь, Н.Батсүмбэрэл, Б.Бат-Эрдэнэ, Ш.Бямбасүрэн, А.Ганбаатар, П.Ганзориг, Х.Ганхуяг, Х.Жангабыл, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, П.Сайнзориг, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Ц.Туваан, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Г.Уянгахишиг, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, Л.Энхнасан нар хууль санаачлагчаар оролцжээ. 

Улстөрч гэхээс илүүтэй Ерөнхийлөгчийн дүү гэдгээр олонд танигдсан У.Отгонбаяр УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу зүүн бүсээс парламентад сонгогдсон. Сонгуулийн тактик нь үндэсний бөхөөр дамжуулан олон танигдах байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Учир нь тэрбээр Сүхбаатар аймгийн “Жавхлант” бөхийн дэвжээг тодорхой хугацаанд тэргүүлж байсны зэрэгцээ сонгуулийн өмнө Дорнодын гаралтай бөхчүүд болон зарим уяачдын хамт авхуулсан зургаараа танигдаж байв. Товчхондоо хөдөөгөөс сонгогдох хүн морь мал, бөхтэй ойр гэдгээ давуу байдал болгосон хэрэг. 

Хууль санаачлагч бусад гишүүний тухайд ч ихэнх нь адуу малтай холбоотой хүмүүс байх. Тухайлбал, Ц.Туваан шаггүй уяач бол Л.Энхнасан ч 2017 оноос хойш морь уях болсноо хэвлэлд ярьж байсан. 

Тэгэхээр дээрх 26 гишүүн өв уламжлал гэхээс илүүтэй өөрсдийн хобби, зугаацлыг хуулиар хамгаалуулж, цаашлаад хөдөөгийн сонгогчдын талархлыг хүлээж, дараагийн сонгуульдаа бэлдэх зорилго агуулж байгаа нь бэлхнээ харагдана. 

У.Отгонбаяр хаврын морин уралдааныг сэргээх санаачилгаа дараах байдлаар тайлбарласан юм. Тэрбээр "Энэ бол өв соёлоо хамгаалах тухай бус цэвэр хүүхдийн эрхийг хамгаалах зорилготой хууль юм. Засгийн газрын шийдвэрээр өвөл, хаврын морин уралдааныг хориглосон ч бодит амьдрал дээр бүх суманд хаврын морин уралдааныг хаалттай байдлаар явуулдаг. Үүнээс болж хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа. Би энд хүүхдийн амь нас эрстэж, ноцтой бэртэж гэмтсэн тохиолдлыг яримааргүй байна. Айхтар тоон мэдээлэл бий. Тиймээс энэ асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай байгаа юм. Малчин залуус морин уралдаан гэдэг зүйлээс аз жаргалын гармоноо ялгаруулж, түүнээс кайф авч амьдарч байгаа. Тэд өвөлжин, хаваржин архи ууж, халаасан хоол идэж амьдарч байна. Хөдөөгийн амьдрал тийм л байгаа. Мориноос амьдралын урам зориг авдаг тэднийг монгол эр хүн болгон төлөвшүүлэх ажлыг нэг томоохон хэсэг нь энэ хуулийн өөрчлөлт юм" хэмээсэн. 

Мөн хуулийн төсөл дэх "уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулна" гэдэг заалтын талаар Х.Баасанжаргал гишүүн "Яагаад хүүхэд гэхгүй хүн гэж оруулсан бэ" гэдгийг тодруулсан юм. Түүний асуултад хууль санаачлагчдын нэг Ц.Даваасүрэн "Хүн гэдэгт хүүхэд ч багтаж байгаа. Мөн хүүхдээс гадна жижиг биетэй над шиг нь ч багтаж байгаа гээд ойлгочхоорой. Энд морь унаж чадаж байгаа бүгд багтана" хэмээн тохуурхаж, даажигнасан байдалтай хариулт өгч байв. 

Ийнхүү байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр ганц нэгхэн эмэгтэй гишүүн энэ асуудлыг эсэргүүцэж байгаа илэрхийлж асуулт асуун, үг хэлсэн. Харин тэдний асуултад хууль санаачлагчид хэтэрхий хэгжүүрхэж заримдаа доромжилсон байдлаар хариулт өгч байв. 

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахын өмнө ширүүн маргалдсаны эцэст олонхын саналаар дэмжсэн юм. Тодруулбал байнгын хорооны 19 гишүүний 10 нь дэмжиж санал өгсөн. 

Засгийн газрын шийдвэрээр хаврын морин уралдаанд 14-өөс дээш насны хүүхдээр хурдан морь унуулахыг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд: 

зураг
 

Эргэн сануулахад, 2018 онд өвөл, хаврын морин уралдааныг зогсоох зорилгоор төрийн бус байгууллагууд нэгдэн Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгч, түүхэн шийдвэр гаргуулж байв. Тодруулбал, “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ”, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ”,  “Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал”, “Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл”, “Хүүхдийн эрхийн үндэсний төв”, “Монфемнет үндэсний сүлжээ”, “Өсвөр үеийнхний хөгжлийн төв” төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцээд Засгийн газар гуравдугаар сард "Дүнжингарав" уралдаан зохион байгуулах шийдвэр гаргасан нь хууль бус байсан гэж дүгнэсэн юм. Шүүхийн уг шийдвэрийн мөрөөр Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сард "Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоол баталснаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон. 

Гэтэл Засгийн газар өнгөрсөн оны нэгдүгээр сард дээрх шийдвэрээсээ ухарч хаврыг морин уралдаан зохион байгуулах эрхийг Засгийн газар бус тухайн орон нутгийн удирдлага нь шийддэг болох шийдвэр гаргасан юм. 

Харин энэ удаад хэлэлцэж буй хуулийн өөрчлөлтөөр хаврын гэх нэртэй ч дүн өвлөөр 14-өөс дээш насны хүүхдээр морь унуулж уралдуулах эрхийг Засгийн газарт өгч байна.

Хэрэв энэ хууль батлагдвал хаврын хахир цагт морин уралдаан зохиогдсоноор хүүхэд бэртэж гэмтэх цаашлаад амь насаа алдсан тохиолдолд У.Отгонбаяр нарын гишүүд бус Засгийн газар хүний эрх зөрчиж, хүүхдийн амиар наадах шийдвэр гаргасан гэдэг хэрүүл рүү татагдан орох нь ээ.  

Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг хуулийн төслийг хэлэлцэхийн дэмжих шийдвэр гаргасантай холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссоос мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд "Төр хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлж, хамгаалах үүрэгтэй. Иймд Хүний эрхийн Үндэсний Комисс хуулийн төслийг дэмжихгүй байгаа тул үндэслэл бүхий саналыг 2026.11.16-ны өдрийн 01/2131 тоот албан бичгээр хууль санаачлагчид болон Хүний эрхийн дэд хороонд хүргүүллээ" гэжээ. 

зураг
 

Өчигдөр байнгын хороогоор хэлэлцсэн уг хуулийн төслийг маргааш буюу Баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, санал хураалт явуулж шийдвэрлэнэ.