Хаврын морин уралдааныг сэргээх агуулгатай хуулийн төслийг ТББХ дэмжлээ
Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах эрх зүйн зохицуулалт бүхий хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны (ТББХ) хуралдаанаар хэлэлцээд, олонхын саналаар дэмжлээ.
Уг хуулийг санаачилсан гишүүдийн нэг У.Отгонбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Тухайн жилийнхээ шинийн 15-нд багтаж, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан уралдаж болно гэсэн заалтыг оруулж байгаа. Зарим нэг аймагт цаг агаар тааруу байвал зохион байгуулахгүй байж болно.
Зуны наадмаар найман наснаас дээш хүүхдүүд уралдах боломжтой. Харин хаврын уралдаанд дээд гурван насны морь уралдах учраас 14-өөс дээш нас заасан. Энэ бол ганц гишүүдийн санаачилсан хууль биш юм. Ний нуугүй хэлэхэд Хаврын уралдааныг мянга хориод ямар ч нэмэргүй. Малчид нууцаар уралдсаар л байна. Үүнийг бид хянаж чадахгүй. Тиймээс хуулийн зохицуулалттай болгоод орчныг нь бүрдүүлж өгснөөр илүү аюулгүй уралдах юм" гэв.
Түүний дараа уг хуулийг эсэргүүцэж буй УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал У.Отгонбаярыг мэтгэлцээнд урив. Тэрбээр маргааш чуулганы үүдэнд тусгайлан индэр засаад хоёр талаасаа гурав хүртэлх оролцогчтой мэтгэлцээн зохион байгуулах уриалга дэвшүүлсэн юм.
Үүний дараа тэр хуулийн төслийн талаар "Хаврын улиралд хүүхдээр морь унуулах асуудлыг эсэргүүцэж байгаа. Уралдаан бол ганц өдөр явагдаад өнгөрдөг зүйл биш. Үүнд бэлдэж маш их хугацаа зарцуулдаг. Энэ бүхний цаана хүүхдүүд ямар их ажил, хөдөлмөр эрхэлдэг вэ гэдгийг бүгд гадарлаж байгаа. Морийг ихэвчлэн эмзэг бүлгийн хүүхдүүдээр унуулдаг нь нууц биш.
Зөвхөн хуулиар зөвшөөрсөн наадмаар гэхэд 2016 оноос хойш 3,300 гаруй хүүхэд мориноос унаж бэртсэн. Хаврын уралдааныг зөвшөөрвөл ингэж бэртэх хүүхдийн тоо л нэмэгдэнэ" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
