Оюутолгойн ашгаас 857 мянган төгрөгийг иргэн бүрийн хувь дансанд бэлнээр шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Оюутолгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх" асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Иргэн Х.Оюунбилэг аравдугаар сарын 23-нд Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд өгөх агуулгатай нийтийн өргөдөл санаачилж, 100,000 санал авчээ.
Тэрбээр цахим өргөдөл дээрээ "Оюу толгойн ордоо 30 жил ашиглуулсны эцэст анх удаагаа Монгол улс 3 их наядын ашиг авахаар болсон билээ. Монгол улсын нийт хүн ам болох 3.5 сая иргэндээ хуваавал нэг иргэнд 857,000 төгрөг оногдож байна. Иймд иргэн бүрийн өөрсдийн хувь дансанд бэлнээр шилжүүлэх хуулийн төслийг санаачилж байна" гэжээ.
Ийнхүү Х.Оюунбилэгийн санаачилсан нийтийн өргөдлийг Өргөдлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэж байгаа юм. Хамтарсан байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх тус асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг дэмжлээ.
Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Б.Жавхлан, Б.Заяабал, О.Номинчимэг, Ц.Баатархүү, С.Замира, Б.Бат-Эрдэнэ, Г.Лувсанжамц, П.Батчимэг нар багтав.
Дээрх УИХ-ын гишүүд "Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх" асуудлаар хуулийн төсөл санаачлан УИХ-аар хэлэлцүүлэх талаар судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажиллах юм байна.
Өнөөдрийн хурлын зургаас:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!







