Крымийн хойгийг Оростой холбодог Керчийн гүүрний авто замын зорчих хэсэг Украины агаарын цохилтын улмаас эвдэрчээ

Т.Давааням, ikon.mn
51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украины нисгэгчгүй онгоцнууд болон пуужингууд Мягмар гарагт Оросын үндсэн нутаг дэвсгэрийг Крымийн хойгтой холбосон Керчийн гүүрний авто замын хэсгийг сүйтгэсэн нь хоёр хоногийн дараа Хятад, АНУ-ын удирдагчидтай уулзах гэж байгаа ерөнхийлөгч Владимир Путиний хувьд бэлгэдлийн чанартай том цохилт боллоо.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн сошиал сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэг болон зургуудаас харахад гүүрний гол замын хэсэг нуран тэнгисийн усанд унаж, томоохон цоорхой үлдээсэн байна.

"Орос улс зам гүүр зэрэг манай дэд бүтцэд өдөр бүр довтолж байгаа. Оросын талд дайн үргэлж эхэлсэн газраа эргэж ирдэг болохыг бид сануулж байна” гэж Зеленский мэдэгджээ.

19 км урт гүүр нь Путиний 2018 онд нээсэн тэргүүлэх төсөл бөгөөд Крымийн хойгийг Орос улс 2014 онд Украинаас булаан авч, өөртөө нэгтгэсэн үйл явдлын бэлгэдэл юм.

Кремлийн удирдагч Пүрэв гарагт Шэнжэн хотод АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Ши Жиньпин нартай уулзах бөгөөд тэд Украины дайн болон өөр бусад сэдвүүдийг хэлэлцэх төлөвтэй байна.

Зеленский энэ цохилтыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем, радарын систем болон цахим дайны чадавхыг системтэйгээр устгасан урьд өмнө байгаагүй ажиллагааны дараа болсон гэж тайлбарлажээ.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Москвагаас томилогдсон Крымийн захирагч Сергей Аксенов хоёр хүн амиа алдаж, гүүрний замын хөдөлгөөнийг зогсоосон талаар мэдээлсэн байна. Харин сүүлд төмөр замын хөдөлгөөн хэсэгчлэн сэргэсэн гэнэ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков гүүрийг засварлах төлөвлөгөө боловсруулж байгаа, гүүрийг “өмнөхөөс нь ч илүү сайн" болгоно гэж мэдэгджээ.

Гэхдээ Оросын цэрэг дайны блогчид Украины цаашдын довтлох чадварыг харгалзан үзвэл гүүрийг засварлах нь маш хэцүү байх болно гэж үзэж байна.

Финландын цэргийн шинжээч Эмил Кастехелми сошиал хуудсандаа "Энэ дайны үеэр лав авто замын гүүрийг засахааргүй болсон... Украин бодитой бөгөөд бэлгэдлийн аль алиныг нь агуулсан ялалт байгууллаа" гэж бичжээ.

Керчийн хоолой дээр байгуулагдсан уг гүүр нэгэн цагт Украин дахь Оросын зэвсэгт хүчний хангамжийн гол зам байсан боловч одоо тэд Украины эзлэгдсэн зүүн болон өмнөд хэсгийн зарим хэсгээр дамжин өнгөрөх хуурай замын коридорт илүү их найдаж байгаа.

Оросын ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин хохирлыг үнэлэх, засварын ажлыг эхлүүлэх засгийн газрын комисс байгуулж, Крымийн чиглэлд өөр замаар ачаа тээвэрлэх боломжийн талаар хэлэлцэх хурал зохион байгуулсныг мэдээлжээ.

Украин дайны турш Керчийн гүүрэнд хэд хэдэн удаа халдаж байсан. Гэхдээ хөдөлгөөнийг удаан хугацаанд зогсоох хэмжээний хохирол учруулж байгаагүй юм.

2022 оны аравдугаар сард ачааны машинтай бөмбөг дэлбэрэхэд дөрвөн хүн амиа алдаж, гүүрний даацыг хэдэн сарын турш хязгаарлаж байв. 2023 оны долдугаар сард гүүрний авто замын нэг хэсэг нурж, машинаар зорчиж явсан хоёр хүн амиа алдаж байжээ.

Шөнийн турш болсон халдлагыг Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дайн эхэлснээс хойших Украины хамгийн том нисгэгчгүй онгоцны халдлага байсан гэж мэдээлж байна. Мягмар гарагийн шөнө Орос улсын 22 бүс нутагт 1,441 нисгэгчгүй онгоц унагасан гэж мэдээлсэн нь Даваа гарагт тогтоосон өмнөх 1,336 дроны дээд амжилтыг давсан үзүүлэлт юм.

Энэ шөнө Украины дронууд Оросын Башкортостан мужийн Уфа, Салават зэрэг аж үйлдвэрийн хотуудад довтолжээ. Украины тал Салават дахь газрын тос боловсруулах үйлдвэр, нефть химийн цогцолборт хохирол учруулснаа мэдээлсэн байна.

Москва хотын дарга Сергей Собянин нийт 800 орчим нисгэгчгүй онгоц Москва орчмын бүс нутагт довтолсны 321 нь замдаа унасныг мэдээлжээ.

Нөгөө талд Украины хотуудыг чиглэсэн Оросын агаарын цохилтууд ч үргэлжилсэн байна.

Киев хотын дарга Виталий Кличко хотын хойд болон өмнөд хэсгийн гүүрнүүд Оросын цохилтод өртөж, метроны системийг хэсэгчлэн гэмтээсэн талаар мэдээлжээ. Халдлагын улмаас цахилгаан, усны хангамж тасалдаж, зам тээврийн хязгаарлалт үүссэн гэнэ.

Эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн Оросын шөнийн дайралтын улмаас Украины найман бүс нутгийн хэрэглэгчид цахилгаангүй болсныг эрчим хүчний дэд сайд Артем Некрасов бас мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters