П.Анхбаяр: Зуух, яндангийн битүүмжлэл муу, хаалтыг хаах зэргээс шалтгаалж дотоод орчинд угаарын хийд өртдөг
Нийслэлийн гэр хорооллын айл өрхөөс хоногт угаарын хий өссөн тухай 70-180 орчим дуудлага ирдэг байна.
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засвар үйлчилгээний хэлтсийн хийн зуухны инженер П.Анхбаярын мэдээлснээр хөөлөөгүй яндан пийшин зуух, битүүмжлэлгүй зуух, камин зууханд, мод түлш бусад (бусад түлш) материал ашиглан гал түлэх үед түлшний дутуу шаталтын улмаас, хийн зуух (газан) плитка, халаагуурын аюулгүй ажиллагааг хангаагүй үед угаарын хий ялгарч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.
"Дотоод орчинд угаарын хийд өртдөг шалтгаан нь зуух, ханан пийшин эвдэрсэн битүүмжлэл муутай, зуух яндангийн холбоос завсар зайтай, яндангаа удаан цэвэрлээгүй хөө тортогтой байх, галлахдаа яндангийн хаалтыг хаасан, гал бүрэн унтраагүй байхад (хаалтыг хаах) яндан холбоосыг зуухнаас салгаж авах, түлшийг буруу түлэх, зуухны үнс дүүрэн байх, хийн халаагч болон зуух ашиглах тохиргоо аюулгүй ажиллагааг хангаагүй зэрэг юм.
Агааржуулалтгүй битүү орчин, агаар сэлгэлтгүй үед дотоод орчинд угаартах шалтгаан үүснэ. Тиймээс түлш хэрэглэгч та бүхэн дээрх зүйлсийг сайтар шалгаж хэвшээрэй" гэж зөвлөлөө.
Иргэд угаарын хийн дуудлага өгөх бол 7011 9410 дугаарын утсанд холбогдох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

