Г.Билгүүн: Нийтийн тээврийн автобусны тоог нэмснээр хүлээлгийн хугацаа таван минутаар буурсан
Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэж, энэ оны эхний гурван улиралд 134.3 сая зорчилт бүртгэгджээ.
НТБГ-ын дарга Г.Билгүүний танилцуулснаар зорчигчдын ачаалал ихтэй 10 чиглэлд 20 автобус нэмж, зорчигч урсгал зургаан хувиар өсөж, хүлээлгийн хугацаа таван минутаар, санал гомдол есөн хувиар буурчээ.
Аравдугаар сард 105 чиглэлийн 189 автобусанд богино эргэлтийн зохицуулалт хийсэн байна.
Нийтийн тээврийн хүртээмж багатай 16 суурьшлын бүсийг судалж, зургаан шинэ чиглэл нээх, таван чиглэлд дунд багтаамжийн автобус үйлчлүүлэх, дөрвөн чиглэлийн гаралтыг нэмэгдүүлэхэд нийт 46 автобус хуваарилахаар төлөвлөжээ.
Парк шинэчлэлийн хүрээнд их багтаамжийн 60 цахилгаан автобус, дунд багтаамжийн 46 автобус, сургуулийн 50 автобус үйлчилгээнд явуулна. Сургуулийн автобусаар өдөрт тээвэрлэх сурагчдын тоо 5,000 байсныг 9,000 болгох гэнэ.
Албаны хүмүүс нийтийн тээврийн автобусны тоог нэмж, богино эргэлтээр явуулах зохицуулалт хийж буй гэсэн ч орой ажил тарах үеэр буюу 17:00 цагийн орчмоос эхлэн автобус хүлээлгэдэг нь хэвээрээ л байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

