Аудитын байгууллагын нэрээр төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс мөнгө нэхсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
Сүүлийн үед төрийн байгууллага болон төрийн албан хаагчийн нэр, албан тушаалыг барьж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг төөрөгдүүлэх, залилан мэхлэх гэмт хэрэг гарч байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэх болсон.
Тухайлбал, төрийн байгууллагын ажилтан мэтээр бусдад итгэл төрүүлж, “төрөөс зорилтот бүлгийн иргэдэд зориулан барьж буй хямд үнэтэй орон сууцанд оруулж өгнө” хэмээн хуурч, иргэдэд 90 сая төгрөгийн бодит хохирол учруулсан, мөн хөнгөлөлттэй орон сууцны урьдчилгаа төлбөрт 300 сая төгрөг авахаар тохиролцсон хэргийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн талаар мэдээлж байсан юм. Тухайн этгээд нь өмнө нь ажиллаж байсан төрийн байгууллагынхаа коридорт хууль бусаар байрлаж, өөрийгөө тус байгууллагад ажилладаг мэтээр ойлгуулж байжээ.
Мөн 2024 онд өөрийгөө төрийн тусгай байгууллагад ажилладаг хэмээн бусдыг төөрөгдүүлж, байгууллагаас акталсан “Тоёота-200” автомашиныг хямд үнээр худалдана гэж иргэнээс 33 сая төгрөг залилсан хэрэг гарч байв.
Түүнчлэн Төрийн аудитын байгууллагын нэрийг барьж, Улаанбаатар хот болон орон нутаг дахь төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс мөнгө шилжүүлэхийг шаардсан тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, 40 настай М гэгч этгээд Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн нэр, албан тушаалыг ашиглан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс мөнгө нэхсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс сэрэмжлүүлж байсан юм.
Эдгээр тохиолдол нь төрийн байгууллага, албан хаагчийн нэр, албан тушаал, байгууллагын орчин нөхцөлийг ашиглан бусдад хуурамч итгэл төрүүлж, эд хөрөнгийн хохирол учруулах эрсдэл байгааг харуулж байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд анхаарч, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
