ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Forbes”-т юу онцлов?
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагийн “Байгалийн капитал ба ногоон санхүүжилт: Тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг” сэдэвт нийтлэл Форбесийн санхүүгийн зөвлөл (Forbes Finance Council)-ийн буланд саяхан нийтлэгдлээ.
Р.Мөнхтуяа захирал Форбесийн санхүүгийн зөвлөлийн гишүүний хувиар сүүлийн 2 жил ХААН Банк төдийгүй Монголын банк санхүүгийн салбарын ололт амжилт, онцлог, туршлага сорилтын тухай Форбесийн платформд олон орны бизнес, нийгэм, банк санхүүгийн салбарын экспертүүдтэй зэрэгцэн хуваалцаж буй билээ.
Өнгөрсөн хугацаанд Монголын тогтвортой санхүүжилтийн үйл явц, банкны салбарын дижитал замналын тухай нийтлэл гаргаж байсан юм. Тэгвэл энэ удаа Р.Мөнхтуяа захирал Монголын бэлчээрийн эдийн засгийн үнэ цэнийг бодлого, хөрөнгө оруулалтын шийдвэрт тусгах, бэлчээрийн доройтлыг сэргээхийн зэрэгцээ малчдын амьжиргааг дэмжихэд банк, санхүүгийн салбар хэрхэн хувь нэмэр оруулж болох тухай нийтлэлдээ онцолсон байна.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээр нутаг нүүдлийн мал аж ахуй, малчин өрхийн амьжиргааны гол үндэс билээ. Санхүүгийн хүндрэл, гэнэтийн эрсдэлийг даван туулах боломж хязгаарлагдмал үед мал сүрэг нь өрхийн санхүүгийн нөөц болдог. Харин малын тоо өсөхийн хэрээр бэлчээрийн даац нэмэгдэж, ган гачиг, зуд турхан тохиолдсон үед ялангуяа малчдад томоохон хүндрэл учирдаг. Ийм нөхцөлд сүргийн тоо толгойг нэмэгдүүлэхгүйгээр малчид орлогоо нэмэгдүүлж, малын чанар, ашиг шимийг сайжруулахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд анхаарч буй талаар нийтлэлд онцолжээ.
Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд тогтвортой хөдөө аж ахуйг дэмжихэд чиглэсэн хөдөө аж ахуйн кластерийн санхүүжилт нь үүний нэг жишээ юм. Кластер нь малчид, тариаланчид, боловсруулах үйлдвэрүүд болон тээвэр, ложистикийн компаниудыг нийлүүлэлтийн өртгийн сүлжээнд холбосноор малын чанарыг сайжруулах, бэлчээрийг сэлгэн ашиглах, усны хэрэглээг хэмнэх боломж бүрдүүлдэг.
ХААН Банк хөдөө аж ахуйн салбарт 4 чиглэлд буюу мах, ноос ноолуур, сүү, үр тарианы кластерийн хүрээнд ердийн зээлийн жилийн хүүгээс бага хүүтэй тусгай зээлийн шугам санал болгож, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, улсын эдийн засгийг ногооруулахад хувь нэмэр оруулж ажиллаж буй юм.
Мөн ХААН Банк сүүлийн жилүүдэд олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас урт хугацаат санхүүжилт татаж, эдгээр эх үүсвэрийг бичил болон жижиг, дунд бизнесүүд, эмэгтэй болон залуу бизнес эрхлэгчид, орон нутгийн болон хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байгаа билээ.
Форбесийн санхүүгийн зөвлөлийн гишүүн Р.Мөнхтуяа захирлын нийтэлсэн шинэхэн нийтлэлийг ЭНД дарж уншаарай. Санхүүгийн арга хэрэгслээр дамжуулан малчдын амьжиргааг дээшлүүлэх, урт хугацааны өгөөж бий болгох тухай дурдсан тус нийтлэл ийнхүү олон улсын уншигчдад хүрээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
