Ч.Хувьзаяа: Баяр, амралтын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс сэргийлж, тусгай төлөвлөгөө хэрэгжүүлнэ
Нийслэлийн замын хөдөлгөөнд өдрийн 07:00-21:00 цагийн хооронд дунджаар 591,051 тээврийн хэрэгсэл оролцож, замын хөдөлгөөний дундаж хурд 14.4 км/цагт хүрдэг байна.
Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн(ЗХУТ) захирал Ч.Хувьзаяагийн танилцуулснаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Шуурхай штаб ажиллаж байгаа бөгөөд удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалт, нээлттэй мэдээлэл, бэлэн байдал, тусгай төлөвлөлт гэсэн үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Энэ хүрээнд хөдөлгөөний ачаалал ихтэй уулзвар, гудамж замын нөхцөл байдлыг тогтмол хянаж, гэрлэн дохионы болон цагдаагийн биет зохицуулалт хийж, зам тээврийн осол, саадыг шуурхай арилгах, зорчих хэсэгт хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг шилжүүлэх, том оврын ачааны автомашины хөдөлгөөнд хяналт тавьдаг гэнэ.
Харин "Баяр, амралтын өдрүүд болон нийслэлд зохион байгуулагдах томоохон арга хэмжээний үеэр хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс сэргийлж, тусгай төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ" гэв.
Сануулахад нийслэл хотод 176 гэрлэн дохио ажилладаг бөгөөд засвар үйлчилгээг Замын Хөдөлгөөний Удирдлагын төв хариуцдаг байна. 2025-2026 онд авто замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы засвар арчлалт болон гэрлэн дохио шинээр суурилахад нийслэлийн төсвөөс ₮1.3 тэрбумыг зарцуулахаар баталжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
