Ли Хүн Ки: Улаанбаатар хотын замын түгжрэл нь дэд бүтцийн хүрэлцээ муу, замын хөдөлгөөний удирдлагын систем хангалтгүйтэй холбоотой

Д.Янжиндулам, ikon.mn
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж эхэлжээ.

Төслийг тус улсын Тээврийн Судалгааны Хүрээлэн (KOTI) тэргүүтэй олон улсын зөвлөх байгууллагуудын консорциум гүйцэтгэж байгаа аж. Төслийн дундын тайлангийн хурал энэ сарын 11-нд болжээ.

Энэ үеэр БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэн (KOTI)-ийн Ахлах судлаач, “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн менежер Ли Хүн Ки "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэл нэлээд хурц түвшинд хүрээд байна. Миний хувьд энэ асуудлын гол шалтгаан нь зам тээврийн дэд бүтцийн хүрэлцээ муу, замын хөдөлгөөний удирдлагын систем хангалтгүй, тээврийн бодлого болон зохион байгуулалтын зарим асуудалтай холбоотой гэж үзэж байна. Иймээс энэ нөхцөл байдлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар хотын тээврийн мастер төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

Мастер төлөвлөгөө нь авто зам, нийтийн тээвэр, ухаалаг тээврийн систем, байгальд ээлтэй тээврийн шийдлүүдийг нэгтгэн авч үзсэн төлөвлөлт байх юм. Төслийг БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд Тээврийн судалгааны хүрээлэн, авто замын чиглэлээр туршлагатай инженерийн консалтинг болон мэргэшсэн HD компанийн хамтарсан консорциум гүйцэтгэж байна. Тээврийн судалгааны хүрээлэн нь Засгийн газрын шууд удирдлага доор үйл ажиллагаа явуулдаг.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын зам тээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг нарийвчлан судалж, цаашдын баримтлах бодлого, богино, дунд, урт хугацааны хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулж байгаа юм. Мөн төслүүдийг санхүүжүүлэх боломж, хэрэгжүүлэхэд шаардлагатай эрхзүйн орчныг сайжруулах талаар бодлогын зөвлөмжүүдийг боловсруулж хүргүүлэхээр ажиллаж байна.

Төслийн хоёр дахь жилд олон түвшний уулзваруудын нарийвчилсан төлөвлөлтийг боловсруулж, тээврийн системийн удирдлагыг сайжруулах хүрээнд ажиллах юм.

Хэрэв бидний санал болгож буй эдгээр шийдлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж чадвал Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм" хэмээн ярилаа.