Женсен Хуан гүйцэтгэх захирлын албан тушаалдаа буцаж томилогдохоор холбоотнуудтайгаа ярилцаж эхэлсэн гэв
Nvidia компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд буцаж томилогдох боломжийг Женсен Хуан судалж, энэ талаар өөртөө ойр хүмүүстэйгээ ярилцаж эхэлсэн тухай Ням гарагт Financial Times сонин уг асуудалд ойр эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
Ийм зорилготой хэсэг хүмүүс Nvidia компанийн хуучин захирлыг буцаан авчрахын тулд Цагаан ордноос дэмжлэг авахаар ажиллаж, Цахиурын хөндийн (Silicon Valley) удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн тусгай баг байгуулсныг нэг эх сурвалж мэдээлсэн байна.
"Технологийн салбарын чухал хүмүүс бүгд Женсенд хайртай" гэж уг эх сурвалж хэлээд уг санаачилгыг Хуан өөрөө ч дэмжиж байгааг нэмж хэлжээ.
Энэхүү мэдээлэл нь Nvidia компанийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) гүйцэтгэх захирлын залгамж халааг хайх ажлын хүрээнд Британийн чип үйлдвэрлэгч Arm Holdings компанийн гүйцэтгэх захирал Рене Хаастай холбогдсон тухай Financial Times сонин мэдээлснээс хойш хэдхэн хоногийн дараа гарч ирж байна.
Гэрлэлтийн гадуур харилцаатай байсан нь, тэр дундаа Сингапурт төвтэй хиймэл оюун ухааны тооцооллын Megaspeed International компанийн удирдах албан тушаалтан асан Алис Хуантай холбоотой байсан нь илчлэгдсэний дараа Пүрэв гарагт Женсен Хуан албан тушаалаасаа огцорсон юм.
АНУ-ын тагнуулын албаныхан энэ эмэгтэйг Nvidia болон түүний гүйцэтгэх захирлын талаар мэдээлэл цуглуулахаар Хятадын талд тагнуулын үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа талаар Нью-Йорк Таймс сонин анх мэдээлж байв.
Бээжингийн эрх баригчид энэ мэдээллийг эрс няцааж, Хятад улсын эсрэг чиглэсэн "гүтгэлэг" гэж нэрлэсэн юм.
Энэхүү дуулиан нь зөвхөн нэг хувь хүний асуудлаар хязгаарлагдахгүй бөгөөд Nvidia компанийн нөлөөгөөр хурдтай хөгжиж буй дэлхийн хиймэл оюун ухааны салбарт томоохон цочрол авчраад байна.
Тус компанийн удирдлагын асуудал Цагаан ордны анхаарлын төвд ч бас байгаа юм.
Ням гарагийн өглөө АНУ-ын сангийн сайд Скотт Бессент ярихдаа Nvidia компани шинэ гүйцэтгэх захирлаа "компанийнхаа гаднаас" хайх хэрэгтэйг зөвлөжээ.
"ТУЗ шинэ удирдагч хайхдаа компанийн гаднаас хүн хайх хэрэгтэй гэж би бодож байна. Компани дотор болж өнгөрсөн үйл явдлуудыг харахад тэнд эрс өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай болсон байна" гэж тэр Fox News сувгийн "Sunday Morning Futures" нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
