SpaceX компани анх удаагаа пуужингийн гол хэсгийг сансраас дэлхийд буцаан ирүүлж чадлаа
SpaceX компанийн Starship сансрын хөлөг Бямба гарагт тойрог замд хийсэн хамгийн урт хугацааны нислэгээ дуусгаж, өмнөх өдөр нь хөөрсөн Техас муж дахь цамхаг дээрээ буцан газарджээ.
Энэ нь бүрэн дахин ашиглах боломжтой пуужин бүтээхээр арван жилийн турш шаргуу ажиллаж буй тус компанийн хувьд пуужингийн системийн гол хэсэг болох хөлгийг амжилттай буцаан авчирсан анхны тохиолдол болж байна.
Баасан гарагт Техас муж дахь SpaceX-ийн Starbase төвөөс хөөрсөн, хоёр хэсгээс бүрдэх аварга том пуужингийн доод хэсэг буюу Super Heavy хурдасгуур нь дээд хэсэг болох Starship хөлгийг сансар огторгуйд хүргэсэн юм.
Гэвч уг хурдасгуур хөөрснөөс хойш 10 орчим минутын дараа хөөргөх талбайдаа буцан ирж чадаагүй тул пуужингийн хоёр хэсгийг хоёуланг нь анх удаа газардуулах гэсэн SpaceX-ийн төлөвлөгөө биелээгүй байна.
Харин Starship пуужингийн дээд хэсэг буюу сансрын хөлөг дэлхийг 14 удаа тойрч, 22 гаруй цаг аялсны эцэст амжилттай буцаж ирсэн нь уг төслийн хувьд инженерийн чухал ололт амжилт боллоо. Тэрбумтан Илон Маскийн хувьд Starship бол SpaceX-ийн хиймэл дагуулын бизнесийн гол зүтгүүр төдийгүй ирээдүйд хүн төрөлхтнийг сар, цаашлаад Ангараг гарагт хүргэх чухал хөлөг юм.
Баасан гарагийн орой дэлхийн гадаргуугаас 260 км өндөрт нисэж байхдаа 26 ширхэг Starlink хиймэл дагуулыг тойрог замд байрлуулсан Starship хөлөг Бямба гарагт хөдөлгүүрүүдийнхээ нэгийг асааж, дэлхийн агаар мандалд ойртож эхэлжээ.
Техасын өмнөд хэсэгт, Мексикийн булангийн эрэг дээр байрлах SpaceX-ийн Starbase төвийн дээр ирэх үед хөлгийн тойрог замын хурд (27,360 км/цаг) буурч, дууны хурднаас ч хурдан чөлөөт уналтын горимд шилжихдээ гадаргуу нь асар их халсан байна.
Үүний дараа хөлөг гурван хөдөлгүүрээ нэмэн асааж, биеийн байрлалаа босоо чиглэлд өөрчилж, хөөргөх цамхгийг чиглэсэн юм. Ингээд хөлгийг агаарт байх үед нь цамхаг дээрх "савх" хэлбэртэй хоёр механик гар шүүрэн авчээ.
SpaceX компанийн сансрын бүх аялал одоогоор 2010 оноос хойш 700 гаруй удаа хөөрөөд буй Falcon 9 пуужинд тулгуурладаг.
Энэхүү пуужингийн доод хэсэг буюу хурдасгуур нь дахин ашиглагдах боломжтой ч ачааг тойрог замд хүргэдэг дээд хэсэг нь нислэг бүрийн дараа далайд хаягддаг юм.
Илон Маск Starship төслөөрөө дамжуулан сансарт нисээд буцаж ирэх үйл явц нь яг л арилжааны онгоцны нислэг шиг давтамжтай, хялбар байх пуужингийн системийг бий болгохыг зорьж байгаа.
Бямба гарагт анх удаагаа Starship-ийн дээд хэсгийг амжилттай буцааж чадсан нь энэхүү зорилгын хүрээнд гарсан чухал ахиц дэвшил мөн боловч SpaceX одоогоор пуужингийнхаа дээд, доод хоёр хэсгийг хоёуланг нь нэг нислэгээр бүрэн газардуулж чадаагүй л байна.
Мөн агаар мандалд буцаж нэвтрэх үеийн хэт өндөр халалтаас хамгаалдаг хар өнгийн зургаан өнцөгт хавтангуудаас бүрдсэн Starship-ийн хамгаалалтын бүрхүүл нь одоогоор бүрэн дахин ашиглагдах боломжгүй хэвээр байгаа юм.
Одоо SpaceX компани нислэг бүрийн дараа засвар үйлчилгээ хийх шаардлагагүй, эсвэл маш бага засвар шаарддаг шинэ төрлийн хамгаалалтын хавтангуудыг бүтээхээр ажиллаж байна.
2011 онд ашиглалтаас гарсан, АНУ-ын сансрын нисгэгчдийг Олон улсын сансрын станц руу зөөвөрлөж байсан НАСА-гийн "Space Shuttle" систем нь хэсэгчлэн дахин ашиглагддаг байв. Тухайлбал хөлгийг дэлхийгээс хөөргөхөд ашиглагддаг хурдасгуурууд нь нислэг бүрийн дараа хаягддаг байсан бол үндсэн хөлөг нь дараагийн нислэгтээ гарахын өмнө өргөн хүрээний засвар үйлчилгээ, шинэчлэлт хийлгэх шаардлагатай болдог байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
