Ж.Батсайхан: Туул голын ай сав газарт үүссэн хур хогийг цэвэрлэх, ариутгах, эдийн засгийн үнэлгээ хийх ажлыг үргэлжлүүлнэ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд асгасан 1 сая гаруй тонн хог, хаягдлыг Морингийн давааны цэг рүү зөөж тээвэрлэхэд ₮9.5 орчим тэрбум төгрөгийн зардал шаардагдах тооцоолол гарсан хэмээн албаныхан өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байв.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус хогийн цэг үүссэн бөгөөд тус бүсэд нийт 18 иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшдэг байна. Өнөөдрийн байдлаар 11 аж ахуйн нэгжийн 14.5 га талбайн хог хаягдлыг цэвэрлэжээ. Үлдсэн долоон аж ахуйн нэгжийн эзэмшлийн 9.9 га талбай болон нийтийн эдэлбэр газрын 14.3 га талбайг үе шаттай цэвэрлэнэ.
Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй ААН-үүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. Иймд газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эзэмшил газрынхаа хог хаягдлыг цэвэрлэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэв.
Цэвэрлэгээний ажлыг талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ж.Батсайхан “Туул голын ай сав газарт үүссэн барилгын болон бусад хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
Тухайн бүсэд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд орчныхоо 50 метр болон өөрсдийн эзэмшил талбайн хог хаягдлыг цэвэрлэх үүрэг өгсөн. Тус бүсэд олон жилийн өмнөөс хуримтлагдсан 38.7 га талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, экологи, эдийн засгийн үнэлгээ хийх, ариутгалын ажлуудыг УБЗАА, Нийслэлийн Байгаль орчны газар болон дүүргийн холбогдох байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэв.
Уг талбайд ихэвчлэн барилгын хог хаягдал байгаа бөгөөд 2010 оноос эхлэн хогийн цэг үүсгэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
