Б.Пүрэвдагва: Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчмын хогийг зөөж, гарсан зардлыг хог хаясан компаниудаар төлүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
8 цаг 26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус 1.1 сая тонн орчим хог хуримтлагджээ.

Ундны усны эх үүсвэр, голын ай савд хог хаясан компаниудад хариуцлага тооцож, хогийг тээвэрлэж зөөсөн зардлыг төлүүлэхээр болов. Туул гол дагуух эдгээр хог хаягдлыг цэвэрлэж, орчныг камержуулан ундны болон хөрсний усны бохирдлыг лабораторид шинжлүүлэх шийдвэрийг гаргаж байгааг хотын дарга Б.Пүрэвдагва мэдээллээ.

Тэрбээр "Одоогийн байдлаар Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд хог хаядаг 9 компанийн мэдээлэл ирсэн. Эдгээр компанид Усны тухай хууль, Газрын тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, гарсан зардлыг төлүүлнэ. Шаардлагатай бол зөвшөөрлийг нь цуцална. Түүнчлэн Туул гол дагуу том оврын машин оруулахгүй байх шийдлийг ч хэрэгжүүлнэ.

Тус талбайн хогийг цэвэрлэж, ариутгал хийсний дараа иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах, авто зам тавих шийдэл яригдаж байгаа" гэв.

Уг талбайд ихэвчлэн барилгын хог хаягдал байгаа бөгөөд 2010 оноос эхлэн хогийн цэг үүсгэсэн байна.

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд асгасан 1 сая гаруй тонн хог, хаягдлыг Морингийн давааны цэг рүү зөөж тээвэрлэхэд ₮9.5 орчим тэрбум төгрөгийн зардал шаардагдах тооцоолол гарчээ.