Ж.Батсайхан: Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчмын нэг сая гаруй тонн үүсмэл хогийг ачиж, орчныг цэвэрлэж эхэлсэн

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус 1.1 сая тонн орчим хог хуримтлагдсан тухай өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байв. Хур хогийг цэвэрлэх ажил эхэлжээ.

Энэ тухай УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ж.Батсайхан "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 24 байршилд үүссэн хогийн цэгийг шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Эдгээр байршилд 38.7 га талбайг хамарсан 1.1 сая тонн үүсмэл барилгын болон ахуйн хог хаягдал байгааг тогтоосон.

Үүнд орчны 50 метр хамаарах 10, байгууллага, хувь иргэний эзэмшил газарт хамаарах 9, нийтийн эзэмшлийн талбайд хамаарах 5 байршил хамарч байгаа бөгөөд газар дээр үзлэг шалгалт хийж, хуулийн дагуу хариуцах байгууллагуудад үүсмэл хогийг ачиж, орчныг цэвэрлэх үүрэг өглөө.

Үүний ихэнх нь бетон, блок, хайрга эзэлж байна. Тус байршил нь Туул голын ай сав дагуу тул хөрсний бохирдол үүсэх нөхцөл байдлыг тогтоож, байгаль орчны үнэлгээ хийж, зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авах юм" гэв.

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд асгасан 1 сая гаруй тонн хог, хаягдлыг Морингийн давааны хогийн цэг рүү тээвэрлэхэд ₮9.5 орчим тэрбумын зардал шаардагдах тооцоолол гарчээ.