Дроны үйлдвэрт нь гал тавих оролдлого гарсны дараа Эстони улс Оростой залгаа хилээ бүрэн хаахаар болжээ
Эстони улс өөрийнх нь дроны үйлдвэрт гал тавихыг завдсан хэрэг гарсны дараа Оростой хиллэдэг хилээ бүрэн хаахаар болсныг Ням гарагт мэдэгджээ.
Тус улсын гадаад хэргийн сайд Маргус Цахкна уг хорлон сүйтгэх ажиллагааны ард Оросын цэргийн тагнуулын алба (ГРУ) байсныг харуулсан "тодорхой нотлох баримт" байгаа тул "Эстони улс арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Эстони-Оросын хилийн бүх боомтыг хаана" гэж сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.
Түүний мэдэгдлийн өмнөхөн ерөнхий сайд Кристен Михал мөн уг ажиллагааны ард ГРУ байсныг баталсан мэдэгдлийг сошиал хуудсандаа нийтэлсэн юм.
Бямба гарагийн шөнө Эстонийн батлан хамгаалахын салбарын Threod Systems компанийн үйлдвэрт гал тавих оролдлого гарсан юм байна.
Ерөнхий сайд энэ талаар "Аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан, мөн хууль сахиулах байгууллагынхан шуурхай ажилласны үр дүнд их хэмжээний хохирол учрахаас сэргийлж чадлаа. Халдлага үйлдэгсдийг баривчилсан" гэж мэдэгджээ.
Халдлага үйлдэх оролдлого нийслэл Таллин хотын хойд хэсэгт орших Виймсид гарсан байна.
Цахкна дараагийн мэдэгдэлдээ "Орос улс Эстонийн эсрэг чиглэсэн дайсагнасан үйлдлүүд нь үр дагавартай гэдгийг ойлгох ёстой. Биднийг айлган сүрдүүлэх, тогтворгүй байдал үүсгэх, эсвэл аюулгүй байдлыг маань сулруулах гэсэн оролдлогуудыг бид зүгээр өнгөрөөхгүй" гэжээ.
Тэрбээр мөн энэ шийдвэрийнхээ талаар Финланд, Латви, Литва улсуудын гадаад хэргийн сайд нарт мэдэгдсэнээ дурдсан байна.
Ерөнхий прокурор Астрид Аси аюулгүй байдлын албаныхан Латви улсад оршин суудаг найман хүнийг баривчилсан талаар сэтгүүлчдэд мэдээлжээ.
Михал энэ үйл явдлыг “Оросын талаас Европт явуулж буй өргөн хүрээтэй холимог дайны (hybrid war) нэг хэсэг бөгөөд үүний зорилго нь Украин улсад үзүүлэх дэмжлэгийг бууруулж, Орос улсад үзүүлэх дарамт шахалтыг сулруулахад чиглэсэн" гэж дүгнэсэн байна.
Ням гарагт Оросын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэрэв Эстони улс Оростой хиллэдэг хилээ үнэхээр хаахаар төлөвлөж байгаа бол энэ нь "русофоби" буюу “Оросыг үзэн ядах үзлийн дахин нэг илрэл болно” хэмээн анхааруулжээ.
Оросын төрийн мэдээллийн агентлаг ТАСС-т өгсөн ярилцлагадаа тэр "Хэрэв тэд үнэхээр ийм бодит төлөвлөгөөтэй байгаа бол энэ нь түрэмгий бөгөөд хязгааргүй русофобийн ээлжит нэг илрэл болох юм" гэж хэлсэн байна.
Threod Systems компани нь тагнуулын болон цохилтын нисгэгчгүй онгоц үйлдвэрлэдэг.
Өнгөрсөн наймдугаар сард Таллинд төвтэй батлан хамгаалах салбарын гэрээт нийлүүлэгч Milrem компанийн байранд мөн гал тавих оролдлого гарч байсан бөгөөд үүнийг гүйцэтгэхийг завдсан Латвийн иргэд баривчлагдаж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
