Индэр    
1 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

Сургуульд хамрагдаж чадаагүй хөвгүүдийн тоо охидоос бараг ХОЁР ДАХИН ИХ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-гээр 2025 онд байгалийн ухааны судлагдахуунаар хөвгүүд 416, охид 437 оноо авсан. Уншаад ойлгох чадвараар охид 391, хөвгүүд 362, харин математик дээр хөвгүүд 418, охид 424 оноо авсан гүйцэтгэлтэй байв. Охид аль ч хичээл дээр хөвгүүдээс өндөр оноо авсан.

Тэгвэл эндээс охид сайн хичээж байгаа учраас илүү амжилттай суралцаж байгаа юу, эсвэл хөвгүүд анхаарлаас гадуур үлдээд байна уу гэдэг асуулт гарна. 

Хөвгүүдийн хичээлдээ хандах хандлага, идэвх зүтгэл ямар байгаа болон нөлөөлөгч хүчин зүйлсийг "Бүх нийт боловсролын төлөө" үндэсний эвслээс 2024 онд судалж, тайлангаа "Боловсролоос хөндийрч буй хөвгүүд" хэмээн нэрлэжээ. Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-ийн Хүний эрх, эрх чөлөөний байдлаарх 25 дахь илтгэлд эрчүүдийн боловсролын тухай мөн хөндсөн нь энэ асуудал шат шатандаа анхаарал татах болсныг илтгэж байгаа юм. 

График,

Дээр дурдсан байгууллагуудын судалснаар хөвгүүд дунд ангиасаа эхлэн хичээлээсээ аажимдаа хөндийрөх, идэвх буурах хандлага ажиглагдаж байгаагийн зэрэгцээ гар утас, интернэт хэрэглээ нь сурлагад ихээхэн нөлөөлж байгааг дурджээ.

Тухайлбал "...Эрэгтэй хүүхэд дунд ангид орохоор олон хичээлтэй, өөр өөр багш нартай харилцаж эхлэх үед өөрийн онцлогоос шалтгаалан зарим хичээлээ орхиж эхэлдэг. Үүний улмаас сурлага нь дунд ангиас муудаж, багш нар ч хүүхдийг хичээлдээ муу байгаа гэж үзэж, онцгой анхаарал тавих нь багасдаг" гэж Багануур дүүрэгт эцэг, эхчүүдтэй хийсэн ярилцлагын хэсгийг ХЭҮК тайландаа багтаасан байна.

Харин "Боловсролоос хөндийрч буй хөвгүүд" судалгааны явцад багштай хийсэн ярилцлагын үеэр "Утасны хэрэглээ нь хүүхдийн анхаарал төвлөрөх чадварыг бууруулж, зан аашинд нь нөлөөлөх, эцэг эх, асран хамгаалагчидтай харилцах харилцаанд нөлөөлөх, үе тэнгийнхэнтэйгээ найзлахаа болих зэрэг маш их сөрөг нөлөөлөлтэй байна" гэснийг онцолсон байв. Тус судалгааны дүнгээр хөвгүүдийн 64 хувь нь интернэтээр зөвхөн тоглоом тоглодог байхад охидын 63 хувь нь хичээлээ хийх, 53 хувь нь интернэтээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг хайх, 49 хувь нь шинэ мэдээ, мэдээлэл авахад зарцуулдаг.

Улмаар хөвгүүдийн гар утас, цахим тоглоомын хэт их хэрэглээнээс болж хичээл давтах цаг багасах, анхаарал төвлөрөх чадвар сулрах зэргээр сурлагын амжилтад муугаар нөлөөлж байгааг дурдсан юм.

Дээрх шиг нийгэм, цаг үеийн нөлөө хөвгүүдэд сөргөөр тусаж байгаагийн зэрэгцээ хамт боловсролын байгууллагад суралцах нь шат ахих тусам багасаж байгаа дүр зураг ч байна. 

Тухайлбал хөвгүүдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт охидоос 0.4 хувиар доогуур, харин хамрагдаагүй хүүхдийн 52.4 хувийг эзэлж байгаа нь тэдний хамрагдалт доогуур, боловсролын гадна үлдэх эрсдэл харьцангуй өндөр байгааг ХЭҮК онцолсон.

Үндэсний Статистикийн Хорооны судалгаагаар хамгийн чинээлэг бүлгийн хүн амын 2-6 настай хүүхдүүдийн 63 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа бол хамгийн ядуу бүлгийнхний хувьд энэ үзүүлэлт 45 хувьтай байна.

Хөвгүүдийн 64% нь интернэтээр зөвхөн тоглоом тоглодог байхад охидын 63% нь хичээлээ хийх, 53% нь өөрт хэрэгцээтэй мэдээлэл хайх, 49% нь шинэ мэдээ, мэдээлэл авахад зарцуулдаг

Мөн алслагдсан хөдөө орон нутгийн боловсролын байгууллага нь тэдний амьдарч буй газраас хол зайд байгаагаас шалтгаалан хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломж хязгаарлагдмал байгаа юм. Гэтэл "PISA 2023"-ын дүгнэлтээр судлагдахуун тус бүр дээр тооцоолол хийж үзэхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хугацаа нэг жилээр нэмэгдэхэд математикийн оноо 40.4, унших чадварын оноо 10.5, байгалийн ухааны оноо 9.6-аар өссөн. Иймд цэцэрлэг буюу сургуулийн өмнөх боловсролд хүүхдээ тогтмол хамруулах нь ирээдүйн сурлагын амжилтад ямар нөлөөтэйг харж болохоор байна. 

Ерөнхий боловсролын сургууль(ЕБС)-ийн нийт хамрагдалт 93.2 хувьтай байгаагаас бага боловсрол 97.8 хувь, суурь боловсрол 96.2 хувь, бүрэн дунд боловсрол 79 хувьтай байна. 

Харин ЕБС-д хамрагдаагүй 57,500 хүүхэд байгаагийн 37,122 буюу 64.5 хувь нь эрэгтэй, 20,378 буюу 35.5 хувь нь эмэгтэй. Сургуульд хамрагдаагүй эрэгтэй хүүхдийн тоо охидоос хоёр дахин их байгааг ХЭҮК тодотгож, ерөнхий боловсролын насны 58,000 орчим хүүхэд, тэр дундаа 37,000 гаруй эрэгтэй хүүхэд сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна гэсэн юм.

График 2,

Сургуульд хамрагдалтыг хүйсээр авч үзвэл бага боловсролын түвшинд зөрүүгүй, суурь боловсролын түвшинд эмэгтэй суралцагч 0.5 хувиар илүү, бүрэн дунд боловсролын түвшинд эмэгтэй суралцагч 86.5 хувь, 71.7 хувь нь эрэгтэй суралцагч байгаагаас харахад бүрэн дунд боловсролын түвшинд хүйсийн зөрүү 14.8 хувь байна.

Хөвгүүд сургуулиас гадуур үлдэж байгаа нь өрхийн орлого, санхүүгийн боломж, хот, орон нутгийн ялгаа, алслагдмал байдал, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн зэрэг нийгэм, эдийн засаг, соёлын олон хүчин зүйлтэй салшгүй холбоотой

Түүнчлэн сургуульд хамрагдаагүй, боловсролын тогтолцооны гадна байгаа хүүхдүүдийн албан ёсны бүртгэл, статистик мэдээлэл, мөн сургуулиас гадуур үлдэж буй шалтгаан, нөхцөлийг нарийвчлан тогтоосон судалгаа одоогоор байхгүй байгааг Хүний эрх, эрх чөлөөний байдлын тухай 25 дугаар илтгэлд дурдсан юм. Боловсролын салбарт хийгдсэн судалгаа, тайлан, мэдээллээс үзэхэд уг асуудал нь өрхийн орлого, санхүүгийн боломж, хот, орон нутгийн ялгаа, алслагдмал байдал, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн зэрэг нийгэм, эдийн засаг, соёлын олон хүчин зүйлтэй салшгүй холбоотой байна гэж илтгэлд дүгнэсэн байдаг.

Хөвгүүд бол ирээдүйд өрх гэрээ тэргүүлж, үр хүүхдээ хүмүүжүүлэн үлгэрлэх хүмүүс. Ирээдүйн эрчүүдээ сургууль завсардуулсны үр дагавар нь хэдхэн жилийн дараа нийгэмд олон сөрөг жишээгээр илрэх биз. Магадгүй, боловсролгүйн дээр харилцааны асуудалтай, сахилга батгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй залуус өнөөдрийнхөөс ч олон болчихсон байх вий. Сургууль бол хичээл үзэж мэдлэгжихээс гадна хүүхэд нийгэмшиж, бусадтай харилцан ойлголцож, өсөж хөгждөг гол орчин нь. Тиймээс өнөөдрийн эцэг, эхчүүдийн хүүхдийнхээ төлөө хийх хамгийн чухал үйл бол тэдний сурч, боловсрох эрхийг хангаж, мэдлэг боловсролын захад хүргэх юм.