Зураг
Зураг
Индэр    
2018 оны 12 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

Эрчүүд УЙЛАХ ЭРХТЭЙ!

Зураг

Эмэгтэй хүн тусламж авах нь хэвийн зүйл бол эрэгтэй хүний хувьд бусдаас тусламж авах, сэтгэл зүйчид хандах нь битгий хэл эмнэлэгт очих нь ч ховор.

Тэгвэл эрчүүд яагаад тусламж авдаггүй тухайд сэтгэл зүйчид хоёр талаас тайлбарладаг аж. Тодруулбал, эрчүүд тусламж авч чаддаггүй нь нийгмийн хүлээлттэй холбоотой гэж нийгмийн сэтгэл судлаачид үздэг бол хүүхдийн сэтгэл судлаач нар гэр бүлийн хүмүүжлээс хамаарна гэж үздэг.

Охидын хөгжил, бие даасан байдлыг онцгойлон анхаарч, эмэгтэйчүүдийн асуудлыг бүх түвшинд ярьж байгаа боловч хөвгүүд ард хоцорч үлдээд байгаа тухай бид өмнө нь бичиж байсан сэдвээ дахин хөндлөө. 

"2017 онд 449 хүн амиа хорлосны 380 нь эрэгтэй"
 

Үндэсний статистикийн хороо "Монгол эрчүүдийн муу зуршлын хор хөнөөл"-ийн тухай судалгаа хийжээ. Судалгааны дүнгээр монгол эрчүүдийн дунд амиа хорлолт их байгаа юм. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяагаас тодрууллаа.

-Яагаад “Монгол эрчүүдийн муу зуршлын хор хөнөөл”-ийн талаар судалгааг хийх болсон бэ. Судалгааны ажлынхаа тухай ярихгүй юу?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тооцсон 100,000 хүнд ногдох амиа хорлолтын түвшингээр 183 улсаас

  1. Нэгдүгээрт Шри Ланка (34.6)
  2. Хоёрдугаарт, Гайана (30.6)
  3. Гуравдугаарт Монгол Улс (28.1) эрэмбэлэгдэж байна. Энэ бол харамсалтай үзүүлэлт юм. 

Үүнээс гадна “спиртэд хордох” гэсэн өвчлөлийн бус шалтгаан түгээмэл байгаа нь ажиглагдсан. Эдгээр статистик тоо баримтаас харахад амьдралын буруу зуршил буюу тогтсон муу хэвшлийн нөлөө нас баралтын үндсэн шалтгаануудын нэг болсон байгаа юм. Ялангуяа, монгол эрэгтэйчүүд амьдралын буруу дадал зуршлаас шалтгаалан харамсалтайгаар эндэж байна уу гэсэн бодол төрсөн.

Эрчүүдийн муу зуршил нь төрлөхөөс заяасан зүйл биш, харин нийгмээс үүдэн бий болсон хандлага, зан үйл юм. Үүнтэй уялдан бид “Монгол эрчүүдийн муу зуршлын хор хөнөөл”-ийн талаар гүнзгийрүүлэн судалсан.

-Эрчүүд амиа хорлох нь их байгааг та сая дурдлаа. Насны бүлгээр нь авч үзвэл амиа хорлолт нь хэдэнд насанд их тохиолдсон байна вэ?

-Сүүлийн 15 жилийн хугацаанд жилд дунджаар 16 орчим мянган хүн нас барснаас 2-3 хувийг нь амиа хорлолт эзэлж байна. Хүйсээр авч үзвэл 2002-2016 онд нас барсан эрэгтэйчүүдийн 2-4 хувь, эмэгтэйчүүдийн нэг орчим хувь нь амиа хорлосон байна. 

Эндээс хугацаанд шилжүүлээд тооцвол жилд дунджаар 33 минут тутамд нэг хүн нас бардаг бол 20 цаг тутамд нэг хүн амиа хорлон эндэж байна гэсэн тооцоо гарсан. 2017 онд 449 хүн амиа хорлосны 380 нь эрэгтэй, 69 нь эмэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, ихэнх нь эрэгтэйчүүд. Нийт амиа хорлогсдын 54.1 хувийг 15-34 насныхан эзэлж байна.

Мөн амиа хорлож, эндсэн 10-14 насныхны 54.2 хувь, 15-19 насныхны 75.6 хувь, 20-24 насныхны 86.8 хувь, 25-29 насныхны 87.9 хувь, 30-34 насныхны 91.9 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. 

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ямар байх тухай нийгэмд тогтсон ойлголт, жендерийн тэгш бус байдал, жендерийн эрс ялгаатай үүрэг нь эмэгтэйчүүдэд төдийгүй эрчүүдэд сөргөөр нөлөөлж байна.

-Ингэхээр жендерийн асуудал нь эрчүүдэд илүү хамааралтай болж байна гэж ойлгож болох уу?

-Жендерийн тухай ойлголт бол хүйсээр ялгаатай байдлыг харуулдаг. Хүйсээр ялгаварласан ойлголтууд нь нийгмийн хөгжилд тус болдоггүй бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бид бүгд энэ хандлагаа өөрчлөхийн төлөө анхаарах ёстой. 

Манай судалгаагаар нас баралтын хувьд, тэр дундаа өсвөр үе, залуу эрчүүдийн хувьд гадны шалтгаант нас баралт өндөр байгааг харуулсан. Тэгэхээр яг энэ тохиолдолд эрчүүдтэй илүү хамааралтай асуудал гэдэгтэй санал нийлнэ. 

-Цаашид хэрхэх хэрэгтэй вэ, шийдлийг нь юу гэж тодорхойлж байна вэ?

Гадаад орнуудад амиа хорлохоос сэргийлэх, амиа хорлох арга замыг багасгахад:

  • галт зэвсэг, эмийн хэрэглээг хянах, хязгаарлах; 
  • архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгах бодлого хэрэгжүүлэх;
  • эмийн хэрэглээнээс хамааралтай болон сэтгэцийн хямралтай хүмүүсийг эрт илрүүлж, эмчлэх; 
  • мэргэшсэн эрүүл мэндийн ажилтнууд болон сэтгэл зүйчдийг бэлтгэх; 
  • амиа хорлохыг оролдсон хүмүүсийг анхаарч, туслах, олон нийтийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга, хэмжээг авч хэрэгжүүлдэг байна.

Дэлхийн түвшинд 28 улс амиа хорлохоос сэргийлэх, хамгаалах стратеги хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд энэ асуудлыг бодлогод тусгасан эсэх, цаашлаад амиа хорлох болсон сэдэл, шалтгааныг нас, хүйсийн онцлогоос хамааруулан нарийвчлан тодорхойлж, эрсдэл бүхий бүлгийг тогтоон, түүнд тохирох арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнээс гадна өсвөр үе болон залуусын сэтгэл зүй, зан байдал, амьдарч буй орчин, гэр бүлийн харилцаанд илүү анхаарал хандуулж, хүүхэд хамгаалал, залуучууд, гэр бүлийн тухай зэрэг холбогдох хууль, тогтоомж, хөтөлбөрүүдэд амиа хорлохоос хамгаалах талаар тодорхой тусгаж, хэрэгжүүлэх нь зүйтэй. 

Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийг мэргэшсэн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээр ханган, өсвөр үе, хүүхдүүдэд зөвлөгөө, тусламж авах боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээг бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж судалгаагаар дүгнэсэн.

Хүү, охиндоо ижил түвшний шаардлагуудыг тавьдаг байх нь чухал
 

Эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ юуг анхаарах талаар сэтгэл зүйч ийнхүү зөвлөж байна. 

"Хүүхэд хүмүүжүүлэх үндсэн хоёр загвар бий. Нэг нь хяналтын, нөгөөх нь бие даасан байдлыг дэмжих. Мөн дахин хоёр загвар байдаг нь аюултай хэв шинж бөгөөд энэ нь үл хайхарсан болон хүлцэнгүй загвар. Хүчирхийлэлтэй, архины хамааралтай мөн ядуу буурай гэр бүлд үл хайхарсан загвар давамгайлдаг. Хүүхдэдээ шаардлага ч тавьдаггүй, хайр халамж ч өгдөггүй буюу хүүхдээ зөнд нь орхидог.

Харин хяналтын загвараар хүүхдээ хүмүүжүүлдэг гэр бүлд эрэгтэй, эмэгтэй хүүхдээ ялгаатай харж байна уу гэдэг хандлага чухал. Хэрэв тухайн гэр бүл эмэгтэй хүүхэд багаасаа гэрийн ажлаа хийж, эрэгтэй хүүхэд мод түлээгээ бэлдэх ёстой гэсэн байр сууринаас ханддаг бол энэ хэвээрээ хүүхдээ өсгөх магадлалтай.

Мөн соёлын байдал, эцэг, эхийн хандлагаас хамааран эрэгтэй хүүхдийг илүү хянадаг, эмэгтэй хүүхдийг дэмжих үзэгдэл түгээмэл байна.

Харин хүлцэнгүй загвар нь ихэнх тохиолдолд үл хайхарсан загвараас урган гарч байдаг. Эцэг, эхчүүд нь дутуугийн мэдрэмж өндөртэй учраас хүүхдэдээ бүхнээ зориулна гэж үздэг. Тэд хөлс хүчээ зориулж олсон мөнгөө бүгдийг өгч, үүнээс өөр юу өгөх юм бэ гэж боддог боловч үнэн хэрэгтээ хүүхдэд дан ганц мөнгө, тоглоомоос илүү ээж, аавтайгаа ярилцах, хүндлэгдэх гэх зэрэг олон мэдрэмж шаардлагатай байдаг.

Дэлгүүрээс юу дуртайгаа ав гэхээс илүү өнөөдөр чамд юу тохиолдсон бэ, юунд санаа чинь зовж байна вэ гэдэг асуулт чухал. Эдгээрээс хамгийн зохистой загвар нь бие даасан байдлыг дэмжигч. Энэ нь хүүхдэдээ шаардлага тавьдаг, эргээд урамшуулдаг, анхаарал хандуулдаг зарчим.

Ер нь айлын том хүүхдийг илүү хянадаг хандлага түгээмэл байсаар байна. Түүнчлэн хөвгүүдийг охидоос илүү хянадаг. Хянахад цаана нь хүлээлт байдаг. Хүлээлтэд хүрэхгүй бол тэр чигт нь хаях үзэгдэл бас бий.

Эцэг, эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа бол хөвгүүдийнхээ хувьд тэвчээргүй ханддаг.

Хүү нь хүссэн хэмжээнд нь хүртэл онц сайн сурч чадахгүй байвал тэр чигт орхидог. Угаасаа онц сурч чадахгүй байна гэж боддог ч юм уу. Гэтэл ингэж зөнд нь орхисноор байдал дордоно уу гэхээс дээрдэхгүй тул тэвчээртэй байж, тодорхой хяналтыг тавьж байх хэрэгтэй.

Тэгэхээр хүү, охиндоо ижил түвшний шаардлагуудыг тавьдаг байх нь чухал. Мөн эцэг, эх өөрсдөө сайн багш болох нь хэрэгтэй. Шаардлага тавихаасаа өмнө хүүхдээ маш сайн ажигла. Хүүхэдтэйгээ ярилцахдаа дуу хоолойны өнгөндөө хүртэл анхаарч, сул байлгах ёстой” хэмээв.

Эрчүүд амиа хорлох үйлдлийг сонгох тохиолдол эмэгтэйчүүдээсээ хэд дахин илүү байдаг нь зөвхөн манай улс гэлтгүй дэлхий нийтэд түгээмэл байгааг сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд хэлж байна. 

Эрчүүдийн дийлэнх нь тусламж гуйх шаардлагагүй гэж боддог нийгэмд бид амьдарч байгаа учраас энэ байдал байсаар байгааг сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд тодотгосон. Удаан хугацаанд тогтсон энэ ойлголтыг халахын тулд цаг хугацаа шаардлагатай гэлээ.

Тэрбээр “Энгийн жишээ татахад хөвгүүд сургуульд ороход нийгмийн тогтсон хандлага ямар байгаа нь чухал байна. Охид уйлж болдог бол хөвгүүд болохгүй, охид асуудлаа хуваалцахад нээлттэй байхад хөвгүүдэд тийм биш байна. Учир нь хөвгүүдийн найзын хүрээлэл том байдаг. Тиймээс биеийн хүч шаардсан өрсөлдөөн ихтэйн дээр нэр хүндийн асуудал хөндөгддөг.

Охид бол 2-3-уулаа нийлээд дотночлон ярилцах боломжтой. Энэ нь эрэгтэй хүн асуудлаа ярьж чаддаггүй, эмэгтэй хүн л чаддаг гэсэн үг биш юм. Хөвгүүд ч гэсэн нээлттэй ярилцах эрхтэй гэдэг ойлголтыг өгөх хэрэгтэй” гэлээ.