Индэр    
2018 оны 4 сарын 2
Зураг
Freelance journalist

Хөвгүүд зүгээр биш байна

Зураг
CreditMorozov Photo/iStock, via Getty Images Plus

Хүчиндүүлж, зодуулж, хүчирхийлүүлж буй хүүхдийн насны тоо улам нялхарсаар…

... Эмэгтэйчүүд юу хийснээсээ болж зодуулсан бэ, юу өмсөж, яаж биеэ авч явснаасаа болж хүчирхийлүүлсэн бэ гэж асуугдаж шүүгдсэн хэвээрээ л. 

Энэ бүхнийг үйлдэгч нь эрэгтэйчүүд. Эсэргүүцэж эмзэглэсэн хүмүүс жагсаж, сүүлдээ цаазын ял сэргээгдэх талаар хэлэлцэгдэж байна. Гэхдээ бид эрчүүдээ анхаарч хүүхэд байхаас нь зөв хүмүүжүүлэхгүй бол  асуудал ул үндсээрээ шийдэгдэхгүй. 

Тиймээс ч энэ тухай The New York Times дээр нийтлэгдсэн өгүүллийг орчуулан хүргүүлж байна. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэгч болон өсч торниж буй эрчүүдийн тухай асуудал ганц Монголд ч бус дэлхий даяараа гайхширсан байдалтай байна. 


Флоридагийн сургууль дээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон аллагын үеэр 17 хүн буудуулж үхсэний ихэнх нь өсвөр насны хүүхдүүд байв. Америкийн олон сургууль дээр ийм хэргүүд гарч байна.

Энэ халдлагуудад адилхан зүйл юу байна вэ.

Мэдээж буу. Бас хөвгүүд.

Охидууд бууны гох дараад гүйхгүй байна. Хөвгүүд. Дандаа л хөвгүүд байдаг. 

Америкийн хөвгүүд сүйрч байна, эвдэрч байна. Мөн биднийг алж байна. 

Охидууд олон саад бэрхшээлийг  давж туулан, өөрийгөө бэлтгэж бүрэн сайн боловсроод амьдралд хөл тавьж байхад нөгөө талд хөвгүүд сүйрч байна. 

Сүүлийн 50 жилд эмэгтэй хүн байна гэдэг ямар утгатайг дахин тодорхойллоо. Тодруулбал, охидыг өнөөдөр юу ч хийж болно, хэн ч болж чадна гэж сургаж байна.

Тэд энэ мессежийг маш хурдацтайгаар толгойндоо шингээн авч сургууль дээрээ бүх түвшинд хөвгүүдээс илүү гарсаар. Гэхдээ энэ нь зөвхөн үзүүлэлтийн тухай биш юм. Олон арван жилийн турш эмэгтэйчүүдийн асуудлуудыг бүх түвшинд  ярилцсаны ашгийг хүртэгч байх нь өнөөдөр эмэгтэй хүн байх тухай ойлголт болоод байна. 

Гэвч, хөвгүүд ард хоцорч үлдэв. Өөрсдийн хүйсээ бүрэн илэрхийлэхэд туслах, жолоодох ямар ч адил төстэй хөдөлгөөн үүссэнгүй. “Өнөөдөр эрэгтэй хүн ЭРЭГТЭЙ байх” нь хангалтгүй болчихоод байна. Ер нь эрэгтэй хүн байх нь яг юу гэсэн үг вэ гэдгийг ч мэдэхгүй болов.

 Маш олон хөвгүүн эр хүн шиг байх гэсэн хоцрогдсон загварт баригдан багтарч байна.

Эр хүн шиг байх гэдэг нь хүч чадлаар хэмжигдэж, эмзэглэх ч эрхгүй, өөр хэн нэгнийг хүч эрх мэдлээрээ далайлгахыг хэлнэ. Тэд урхинд орон гацаж, энэ талаар  сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх ярилцах хэл ч алга. Эрэгтэй хүн ХҮНИЙ сэтгэл мэдрэмжийн тухай ярилцах нь одоо хүртэл эмзэг "дэлбээ" аль эсвэл эмэгтэйлэг гэж дүгнэгдэнэ.

Эрчүүд өөрийнхөө төрөлх зан чанарын талаар зөрчилдөж, будилж, ганцаардаж байна. Олонх нь өөрсдийг нь тодорхойлж хайрцаглаж буй түрэмгий зан, өрсөлдөөнч зан чанарууд одоо хэрэггүй гэж бодож байна.

Мөн зарим нь анхнаасаа л хүчтэй, түрэмгий, өрсөлдөгч чанаруудыг мэдэрдэггүй байжээ. Бид нар яг яахаа  мэдэхгүй  байна, бас айж байна. 

Би үзэн ядсан хариултууд авна гэдгээ мэдэж байсан ч хэдэн өдрийн өмнө  энэ талаар өөрийн твитер хуудаснаа жиргэсэн.

Намайг эр хүн биш үгүйн талаар маргасан олон мэссеж комментууд авсны хамгийн гайгүй нь “soy boy” (энэ нь шар буурцгийн хэмжээ ихдэхээр эстроген дааварт нөлөөлдөг гэсэн доромж үг юм).

Тэгэхээр одоо төөрөлдсөн ч гэсэн өөрийн эршүүд шинжээ бүгдийг нь авч үлдэх хүсэлтэй хүмүүст хоёр л сонголт үлджээ. Нэг бол бууж өгөх. Эсвэл уур хилэн. 

Сургууль дээр хүмүүсийг буудах нь олны нүдэн дээр болж буй хамгийн эмгэнэлтэй явдал. Арай бага хүрээнд улс орон даяараа өдөр бүр ийм зүйл болж байгаа. Буудагч нар  эмэгтэйчүүдэд хүч хэрэглэх нь бас нэг үзэгдэл. 

Нэг зүйлийг тодруулж хэлэхэд дийлэнх эрчүүд хүчирхийлэгч болохгүй. Ихэнх нь хэвийн хүн болно. Тэд өөрсдийн гүнд байгаа нулимсаа, сэтгэлээ ямар нэг асуудалд оролгүйгээр удирдаж сурдаг. Ихэнх нь сайн хүн болж өсдөг. Гэхдээ бас нэлээн хэсэг нь тийм болдоггүй. 

Яагаад нэг залуу эр хүн бусдын амийг хороохоор шийдсэнийг бид магадгүй хэзээ ч ойлгохгүй байх. Гэхдээ бид ойлгомжтой байгаа нэгэн хэв шинжийг харсаар байна. Тэд бол хөвгүүд. 

Би хөвгүүдэд итгэж байна. Би өөрийн хүүдээ итгэж байна. Гэхдээ заримдаа би түүнийг 16 настайдаа өөрийн уур бухимдлаа залгиж, санаа зовнисон байдлаа булшилж, юу болохгүй байгааг бидэнд хэлэхгүйгээр дээшээ мацах гэж зүгтэх вий гэхээс айдаг. Би түүнд яаж сэтгэлээ илэрхийлж, зөөлөн мэдрэмжтэй, нээлттэй байхыг үзүүлмээр байна.  Гэхдээ БИ чадахгүй байна. Яагаад гэвэл би ч гэсэн урьд нь хөвгүүн байсан.

Заавал эршүүд шинжээ алдахгүйгээр эр хүн байх тухай ойлголтыг дэлгэрүүлэх арга зам байх ёстой. Би нас бие гүйцсэн эр хүн болж төлөвшихийн тулд яах ёстойг сайн мэдэхгүй байна. 

Сүүлийн 50 жилд эмэгтэйчүүд охидуудын ярилцаж байгаа зүйлээс эхлэхэд гэмгүй гэж бодож байна. Би эрчүүдийг феминизмээс үлгэр дуурайлал, урам зориг аваасай гэж бодож байна.

 Феминистүүд хүний эрхийн төлөө тэмцэж хөдөлгөөн өрнүүлж байна. Би хурдан өөрчлөлт засварыг дэмжихгүй. Угаасаа тийм зүйл гэж байхгүй. Гэхдээ бид ярьж эхлэх хэрэгтэй. Хөвгүүд эвдэрч байна. Би тусалмаар байна. 

 

Өгүүллийг: MICHEAL IAN BLACK

Эх сурвалж: https://www.nytimes.com/2018/02/21/opinion/boys-violence-shootings-guns.html