Зураг
Зураг
Индэр    
2022 оны 2 сарын 18
Зураг
Freelance journalist

Өөртөө бэлэглэсэн 200 цаг

Зураг
Иогийн багш О.Марал

Нэг мэдсэн хөл гараа хөдөлгөөд бэлэн болсон цагтаа босоод суугаарай гэж хэлж байна.

Шавасана буюу амралтын байрлалын 15 минутаас босох бол өдрийг эхлүүлэх хамгийн гоё арга. Нэг цаг тасралтгүй иог хийгээд амрахад бүх мэдрэмж сэргэсэн байдаг. Амрахдаа ч жинхэнэ амарна, сонсож буй аялгуу зүрхэнд мэдрэгдэнэ, сэтгэл тогтуун тайван намуухан болж амирлангуй төлөв байдалд очно. Үүний дараа өглөөний цайгаа уугаад буцаад лекцэндээ сууна, өдрийн турш гудсан дээр завилан сууж хичээлийн тэмдэглэлээ хөтөлдөг. Өглөөний 07:30-аас оройн 16:00 цаг хүртэл ажлын таван өдөр нэг сар энэ хувиараар суралцаж 200 цагийн хичээлийг дуусгадаг. Энэ бол Иогийн багш бэлтгэх сургалт.

Миний хувьд иогийн багшийн сургалтад суух тухай зүүдлээ ч үгүй явсан. Карантины үеэр гэрийн хажууд иогийн төв нээгдсэнд олзуурхаж, алдаг оног хичээллэсээр л байлаа, эрүүл мэнд, биеийн галбиртаа анхааръя гэж бодоод л хичээлд бүртгүүлсэн. Иогийн дасгалууд бол үнэхээр хэцүү байдаг, сонин байрлалуудад орж тэрийгээ барих, хажуугаар нь амьсгалах, сунах гээд л эхэндээ өөрийгөө тамлаад байгаа ч юм шиг санагдаж болно. Гэхдээ л хийгээд дууссаны дараа үнэхээр гоё мэдрэмжтэй болж байгаагаа би өөрөө анзаарсаар л байлаа. Бас дасгал хийж байх тэр хэцүү байгаагаас кайф аваад байгаагаа мэдэрч эхэлсэн. Иогийн багшийн сургалт байдаг гэж сонссон боловч за би ч болоогүй, хаа байсан, эхлээд хэдэн жил иогоо хийж сунгалттай болж байж л сонирхъё гэж бодож байтал манай багш надад "Хэн ч иогийн багшийн сургалтад явж болно, үнэхээр гоё гэж" хэлсэн нь урам зориг өгсөн. Бас ганц хоёр найзууд "Чи одоо л дурлаж, сонирхож байгаа дээрээ явбал гоё" гэж ятгасан.

За юутай ч шинэ он эхлэхэд өвлийн хар хүйтэнд, үүрээр гараад иогийн сургууль руу алхаад явж байна шүү. За яаж нэг сар сурч, ажил амьдралаа зохицуулаад ард нь гарна даа гээд бодоод алхаж байсан даа. Намайг л яв гэсэн юм шиг, явахыг хүссэн ганц сургууль минь шинэ байр луу нүүгээд гэрийн хажууханд ирсэн байсан. Эхний хичээл дээр "Яагаад иогийн сургуульд орох болов" гэж суралцагчдаас асуухад "Энэ сард миний төрсөн өдөр болж байгаа", "Энэ жил өөртөө нэг л гоё онцгой бэлэг өгмөөр санагдсан", "Шинэ жилийг эхлүүлэх хамгийн гоё санаа байсан" гэж хариуллаа. Хүмүүсийн хариултыг сонсоход бүгдээрээ л амьдралдаа өөрчлөлт, эргэлт хийхээр шийдсэн эмэгтэйчүүд байсан. Гэхдээ нэг сар ёстой нэг л мэдэхэд, харвасан сум шиг өнгөрсөн дөө.

Хичээл эхлээд хэд хоноход, миний хувьд хүчтэй сэтгэл, мэдрэмжүүд төрж эхэлсэн. Яг л зөв цагтаа, зөв газраа ирээд, сүүлийн үед сонирхож эхэлсэн мэдлэг мэдээллээ сонсоод сууж байгаа юм шиг санагдсан. Бүр гүн дотроосоо баярлаад, үнэхээр зөв шийдвэр гаргажээ гээд ямар ч эргэлзээ төрөхгүй хичээлдээ сууж байхдаа нэг л жаргалтай байх тэр мэдрэмж бол үнэхээрийн гоё. Эхний үед сэтгэлзүйн хувьд уярах, гэнэтийн ухаарал явагдах, янз бүрийн урьд хождын блок тайлагдах гэх мэт үйл явц болоод байсан.

 

Өдрийн турш дасгал хөдөлгөөнөөс өөр юу сурах юм бэ гэж үү? Өөр зөндөө их онол сурдаг юм байна лээ. Миний хувьд дандаа л сонирхдог, мэдэхийг хүсдэг сэдвүүд байсан учраас үнэхээр сонирхолтой байсан. Харин иог гэхээр дасгал хийгээд байхыг л хэлдэггүй юм билээ. Дасгал хөдөлгөөн бол Иогийн нэгхэн л хэсэг юм билээ. Иог гэдэг нь санскрит хэлээр нэгдэл гэсэн утгатай үг бөгөөд Бие, Оюун Ухаан, Сүнс гурвын нэгдэл. Иогийн сургаалууд нь олон янзын философи, шашин шүтлэг дээр суурилдаг боловч иог бол шашин биш, харин дээд зэргийн эрх чөлөөнд хүргэдэг сахилга бат.

Мэдээж 200 цагийн хичээл дээр маш дэлгэрэнгүйгээр Иогийн тухай заана. Бидний дассан ойлголтоор уян хатан, “гоё” биетэй, “гоё” царай зүстэй эмэгтэйгээр л иогийн багшийг төсөөлдөг. Дээр үед Энэтхэгт зөвхөн эрэгтэйчүүд л Иог хийх эрхтэй байж байгаад саяхнаас л эмэгтэйчүүд Иог хийдэг болсон юм билээ. Иогийн хамгийн хэцүү байрлал нь завилж суугаад төвлөрөх. Тэр олон орооцолдсон, толгойн дээрээ зогссон байрлалуудаас  ч хэцүү гэнэ. Яг анхаарлаа төвлөрүүлээд сэтгэлээ, бодлоо тогтоон бариад хэсэгхэн сууя гэхээр ямар хэцүү байдаг билээ дээ. Иогоор хичээллэж бясалгалд биеэ бэлддэг гэж багшийн хэлсэн үгийг сайн ойлгож авсан. Эхлээд энэ махан биетэйгээ учраа олох, тэрийгээ мэдэрч захирч сурах. Тэгэхээр заавал “гоё” байжийж Иогийн багшийн сургалтад явна гэсэн үг биш, сонирхож байгаа хэн ч явж болох нь. Заавал багш болох гэж явах бас биш. Хамгийн сайн сурагч болох гэж ч явж болох нь ээ.

Нэгэнт сайн багшаар, үнэн багшаар, мэдлэгтэй багшаар хүмүүжигдээд гараад ирвэл, цаашдаа ямар ч Иогийн дасгалыг үнэн сэтгэлээр, сахилга баттайгаар, анхаарал сонор сэрэмжтэйгээр, амьсгалдаа төвлөрөөд, өөртөө тааруулаад, хүчилж шахахгүйгээр, тухтайгаар, кайфтайгаар, гэхдээ бас сорилттойгоор, залхууралгүйгээр, бие сэтгэлээ сонсож, хийж чаддаг болох боломжтой.

 

Нэг сарын дараа гарсан үр дүнгээс дурдвал

  • сайн Иогийн сурагч болсон, амьсгалын дасгалын талаар ойлголттой болсон
  • дасгалуудыг маш чанартайгаар хийдэг болсон
  • “спиритуал” зам мөрийн талаар цэгцтэй ойлголт мэдлэг авсан
  • өдөр бүр дасгалаа хийх, зөв тэнцвэртэй амьдрах чин хүсэлтэй болсон
  • тэр бүхнийг өөртөө дадуулах боломжтой юм байна гэсэн сэтгэлийн хат суусан
  • бүтээлч сэтгэлгээ, нарийн мэдрэмжүүд сэргэсэн.
  • Ямар ч худал иогчин, иогийн багш гэх хүмүүсийг таних чадвартай болсон.
  • Мөн багш нарынхаа лекцийн үеэр ярьсан Энэтхэгийн Иогийн сургуулиудад цаашид суралцах хүсэл мөрөөдөлтэй болсон.

Хэдэн сарын өмнө нэг үйл хэргийн үеэр өөртөө “soul sisters”-тэйгээ учрахыг хүссэн. Энэ залбирлын хариуг явуулжээ. Хамт суралцсан эмэгтэйчүүд бүрээс бас давхар суралцсан, нэг цаг үед, нэг үйл хэрэгт шамдан суралцсан учир холбоотой. Мөн сургалтын үеэр, олон эрэгтэйчүүд энэ сургалтад суугаасай гэж үргэлж бодсон. Хичээл дуусах дөхсөн байсан даа, ангидаа хичээлээ сонсоод сууж байснаа би гэнэт өөрийгөө анзаарч гаднаас нь хараад чи яг одоо л маш аз жаргалтай байна даа гэж бодож билээ. Хүн яг аз жаргалтай үедээ өөрийгөө мэддэггүй, анзаардаггүй юм байна даа гэж бодсон.

Гарын авлага дээр бичсэн хэдэн өгүүлбэрээр бичвэрээ дуусгаад, хүн бүрд хэзээ нэгэн цагт учрал тохиол нь бүрдвэл Иогоор хичээллээрэй гэж хүсэн ерөөе. Иогийн ач тусыг яривал дуусахгүй, гагцхүү хүн өөрөө хийж мэдэрч, сонирхож судалбал хөвөрч дуусашгүй утасны үзүүрээс атгаад авсан л гэсэн үг.

“Орчин үед ихэнх хүмүүс иогийг зөвхөн бие махбодын дасгал төдий хэмээн ойлголттой байдаг бөгөөд бүхэл цогц систем юм гэдгийг бусдад ойлгуулах нь багш хүний үүрэг билээ. Иог бол зөвхөн биеийг эрүүл чийрэг болгох арга зам биш юм, тэнцвэртэй амьдрахуйн шинжлэх ухаан, хүн өөрийнхөө нөөц чадварыг бүрэн нээж олох арга зам юм. Жинхэнэ эрх чөлөө, аз жаргалын түлхүүр бол таны жинхэнэ БИ. Энэ амьдралын турш нэг биед хүлэгдээгүй юм гэдгийг ухаарах явдал юм. Иог таныг туйлын тайван байдлаас динамик хөдөлгөөнд оруулж эргээд туйлын амгалан байдал руу хүргэх замаар иог нь танд жинхэнэ БИ-гийн зах зухаас таниулах юм. Иогийн гүн ухаан нь сэтгэлтэй нягт холбоотой. Иогийн хамгийн гол зорилго бол өөрийн сэтгэлтэй холбогдоход оршино.”

АУМ Иогийн сургуулийн хамт олонд, багш нартаа чин сэтгэлээсээ  баярлалаа.