Зураг
Зураг
Индэр    
2022 оны 2 сарын 23
Зураг
Freelance journalist

КҮИЙР АРТИСТУУД

Зураг

Өнгөрсөн Баасан гарагт нээлтээ хийсэн ЛГБТИК+ уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнгийн нээлтээр зочлов. “Күийр уран бүтээлчдийг чадавхжуулах нь” төслийн хүрээнд хийгдэж байгаа ЛГБТИК+ уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн анх удаагаа Монгол улсад зохиогдож байгаа гэнэ. Нийт 21 күийр уран бүтээлчийн 28 бүтээлийг олон нийтэд толилуулж байгаа бөгөөд гуравдугаар сарын 2-ныг дуустал B contemporary art gallery-д үзэсгэлэн үргэлжилнэ.

Төслийн талаар танилцуулахад, 12 оролцогчийг зургаан сарын хугацаанд хүний эрх, жендэр, ЛГБТИК+ хүний эрхийн хөдөлгөөн болон күийр урлагийн түүх зэрэг олон төрлийн сэдэвт воркшопуудад хамруулан, цаашид күийр арт, активизмын суурийг тавихаар зорин ажиллажээ. Төслийн хүрээнд хийгдэж буй нэг ажил нь энэхүү үзэсгэлэн юм.

Жич: Күийр-ЛГБТИК+ буюу бэлгийн болон хүйсийн цөөнх хүмүүсийг нийтэд нь хэлж буй нэр томьёо

Хөтөлбөрийн оролцогч Гонто, хөтөлбөрийн менежер Кенна хоёртой ярилцлаа.

Гонто, 25 настай, ЛГБТ Төвийн эрх зүйн хөтөлбөрийн менежер, гэрэл зурагчин, видео артист, бисексуал, сүйт бүсгүйтэйгээ хамт амьдардаг.

- Яаж сүй тавьсан тухайгаа сонирхуулж болох уу?

- Би 21 насандаа анх “кам аут” буюу өөрийгөө бусдад нээлттэй илэрхийлсэн өдрөө найз охинтойгоо болзож эхэлсэн, саяхан дөрвөн жилийн ой дээрээ бид хоёр өөрсдөдөө байсан бөгжийг хайлуулж бөгж хийлгээд хоорондоо солилцож сүй тавьсан. 

- “Кам аут” хийх хүртэл ямар замналыг туулав?

- Би 19 настайгаасаа ЛГБТ Төвд сайн дурын ажил хийж эхэлсэн, анхнаасаа л Төвд татагдсан. 21 насандаа өөрийгөө бисексуал гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь удаан хугацаанд найз залуутай байсан, ганц бие болсныхоо дараа өөрийгөө сонсоод, өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. Би өөрийгөө зөвхөн эсрэг хүйстэндээ л татагддаг биш гэдгээ мэддэг байсан. Мэргэжлийнхээ хүрээнд уран зураг, урлагийн түүхийн хичээлүүд дээр эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг магтан дуулсан байдалд их дурладаг байсан. Эмэгтэй хүнд татагддаг мэдрэмжээ сайн ойлгохгүй, найз болмоор байгаа юм уу гэх мэтээр мэдрэмжээ тодорхойлж чадахгүй их удаан төөрч явсан. Тэгээд 21 насандаа өөрийгөө өөртөө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн. ЛГБТ Төвд анх сайн дурын ажил хийж эхлэхэд, тэр орчинд өөрийнхөөрөө байж болох юм шиг мэдрэмж авсан.

- Сүйт бүсгүйтэйгээ ирээдүйгээ хэрхэн харж байна?

- Хүн хэнд дурлахаа сонгож чадахгүй. Бид хоёр тасралтгүй өөрсдийн хоббигоо хөгжүүлэх, бие биедээ чөлөө зав гаргах, яаж хамтдаа өсөн дэвжих тухай ярилцдаг, боддог, төлөвлөдөг. Бид хоёр хүүхэдтэй болохгүй гэдэг шийдвэр гаргасан. Хүүхэд маш том хариуцлага, чадахгүй нээ гээд буцаах боломжгүй, сэтгэл санааны хувьд би дийлэхгүй мэт санагдсан.

- Гэр бүлийн хүмүүс чинь чиний амьдралын сонголтууд дээр ямар хандлагатай байдаг вэ?

- Аз болоход би тусдаа гарсан үедээ “кам аут” хийсэн, ээжид ойлгох хугацаа өгсөн. Төв дээр байсан бүх гарын авлагуудыг ээжид өгөөд, цэцэг барьж очоод, ээждээ тайлбарлаж өгсөн. Ээж минь 70 дөхөж байгаа гэхэд маш нээлттэй хүн гэж боддог. Ээж намайг дэмждэг ч, гол нь хамаатнуудаасаа л санаа зовоод байгаа нь ажиглагддаг. Ээжийгээ надаас болоод хамаатнуудаасаа холдчихвий дээ гэж би санаа зовдог.

- Нийгмээс ирж буй эсэргүүцэл дээр онцгойрох гэлээ, та нарын эрхийг ярих болоогүй гэх мэт хандлагууд ажиглагддаг?

- Онцгойрохын тулд нийгэмд ялгаварлан гадуурхагдахыг хэн ч сонгохгүй. Хэрвээ нийгэм биднийг “стрэйт, сизжендэр” хүмүүстэй адил авч үздэг байсан бол надад ярилцлага өгөөд, ЛГБТ Төвд ажиллаад, нөхцөл байдлыг сайжруулах гээд, хүний эрхийг ойлгуулах гээд явах шаардлага байхгүй. Хүмүүс эхлээд хүүхдийн эрхийг ярья гэдэг, хүний эрхэд эрэмбэ дараа байж болохгүй. Хүний заяамал эрхийг өгөх хэрэгтэй. Нэг хүний эрхийг хааж боогдуулахад бүх хүний эрхийг л зөрчиж буй. Хүнийг ялгаварлаж гадуурхсанаар, ирээдүйд олон эрх нь хаагдаад ирнэ. Хэнийг хайрлаж, өөрийгөө хэн гэж мэдэрч байгаагаасаа болоод хэн ч гадуурхагдаж үл болно.

 

- Сая нийгэмд сенсац болоод байсан автобусны наалтыг хуулдаг асуудал юу болсон бэ?

- Автобусны наалт дээр Монгол Улсын ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн эрүүгийн хуулийг сурталчилж байсан, мөн хайрыг хүндэл гэсэн текст тавьсан байсан. Бид тухайн төрийн албан хаагч дээр гомдол гаргасан, хэрэг үүсээд, мөрдөн шалгах ажиллагааны процесс дээрээ явж байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээс хотын даргад тухайн төрийн албан хаагчаар нээлттэй уучлал гуйх шаардлага хүргүүлсэн. ХЭҮК-ын гишүүнээс ирсэн шаардлагыг заавал биелүүлэх ёстой гэдэг. Бид хэрэгжилтийг хүлээгээд, шаардлага тавиад байж байна.

- Одоо хөтөлбөрийн талаар ярилцъя, хөтөлбөрт оролцох явцад танд ямар өсөлт хөгжилт явагдсан бэ?

- Зургаан сарын хугацаанд хагас сайн өдөр болгон сонирхолтой хичээлүүдэд суралцсан. Хичээлийн дараа күийр уран бүтээлчид хоорондоо хичээлийн сэдвээ уран бүтээлтэйгээ холбож ярилцаад, активизмын талаар, уран бүтээл хийх талаар илүү итгэлтэй болсон. Уран бүтээлч хүн гэдгээ илүү мэдэрсэн. Бид сургуульд байхаасаа л цаанаасаа уран бүтээлээ “стрэйт” хүмүүст нийцүүлэх гээд сурсан байдаг. Энэ сэтгэлгээг эвдэж илүү чөлөөтэй сэтгэж сурсан гэж бодож байна. Гурав гурваараа баг болоод төсөл хэрэгжүүлсэн, төсөл хэрхэн бичих талаар сургалт авсан гэх мэт олон төрлийн мэдлэгт суралцсан.  Хөтөлбөрийн хүрээнд оролцогч тус бүрийг 8 удаагийн сэтгэлзүйн уулзалт хийх боломжоор хангасан гээд л  үнэхээр цогц хөтөлбөр байсан шүү.

Кэнна, 26 настай, күийр, ЛГБТ Төвийн хөтөлбөрийн менежер, комедиан, зураач мэргэжилтэй, сүйт бүсгүйн хамт амьдардаг.

- Сүйт бүсгүйтэйгээ болзож эхэлсэн түүхээсээ хуваалцвал…

Бид хоёр үерхээд жил хагас болж байна. Болзоонд явж эхлээд 2 жил 3 сар. Анх жагсаал дээр ирж байхад нь танилцаж байсан. Эхлээд бид хоёр найзууд байж байгаад, амьдралын хэв маяг, үзэл бодол ойрхон байсан, тэгээд болзоонд явж эхэлсэн. Хагас жил болзож байгаад үерхлийн шатандаа орсон. Одоо цуг амьдарч байгаа.

- Гэр бүлийнхэндээ хэзээ “кам аут” хийсэн бэ, тэд хэрхэн хүлээж авав?

- Нэг өдөр ээж надад би чамайг мэдсэн шүү гэж хэлсэн. Аавдаа битгий хэлээрэй гэсэн. Ер нь одоо бол ээж аав хоёр намайг ерөөсөө мэдэхгүй юм шиг л байдаг, миний амьдралын тэр хэсгийн талаар юу ч ярьдаггүй. Миний хэлснийг сонсоогүй юм шиг л байгаад байдаг. Би бас  тэдний аясаар л байдаг. Бие сайн уу, амьдрал сайн уу гээд ерөнхий юм  ярьцгаадаг. Миний сүй тавьсныг, хаана амьдардгийг, комедиан гэдгийг  мэддэггүй юм шиг л байдаг. Би гэртээ хааяа очихоор энэ тухай бид хоорондоо ярилцдаггүй. Ээж минь анх намайг мэдээд,  ментал шокд орсон гэсэн. Эхэндээ намайг их үгүйсгэж, сургуулиас гаргана гэж байсан. Төв дээр ирэхэд нь хүний эрхийн талаар тайлбарлаж өгсөн л дөө. Тэгсэн ээж хүний эрхийн хуульч Болорсайхантай уулзсан байсан. Тэрнээс хойш намайг учиргүй дэмжээгүй ч гэсэн үгүйсгэхээ больсон. Хуульчтай уулзаад юу ярьсныг би мэдэхгүй. Хүмүүс мэдчих вий гэж их айж ичиж, ээжийг хүмүүс чичилж буруутгах байх гэдгээс айсан байх гэж би боддог. Хүний өөдөөс харж чадахгүй болсон гэж хэлж байсан.

- Чи өөртөө хэзээ “кам аут” хийсэн бэ?

- Би найз залуутай байж үзээгүй. 15,16 настай байхад үеийн охид банди яриад л эхлэхэд би эхэндээ адилхан байх гэж хичээсэн. Ер нь эмэгтэй найзуудтайгаа хамт байхад л их амар байдаг байсан. 18 насандаа за одоо өөртэйгөө тэмцэлдээд яах вэ дээ гэж бодсон. Эрэгтэй хүнтэй гэрлэнэ, хамт амьдарна гэж хэзээ ч бодож байгаагүй. Эмэгтэй хүнтэй байна гэдэг нь надад ойлгомжтой, ямар ч эргэлзээгүй байсан. Дотоод зөрчил байгаагүй дээ.

 

- Нийгмийн эсэргүүцэх хандлага дээр, эрэгтэйчүүдийг үзэн ядсан учраас эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ сонголоо гэх юм яригдаад байдаг?

- Ямар нэг ноцтой шалтгаан байгаа болохоор л ийм сонголт хийсэн үү гэж асуудаг, үгүй л дээ. Гэхдээ Монголд дийлэнх эрэгтэйчүүд хүчирхийлэгч байгаа нь үнэн. Хэрвээ хэн нэгэн эмэгтэй хүчирхийлэгч эрэгтэй хүнтэй байхгүй гээд эмэгтэй хүнийг сонгосон байлаа гэж бодъё, тэгвэл яагаад заавал тэр эмэгтэйг буцаад “стрэйт” болгох гээд байгаа вэ гэж асуумаар санагддаг. Хүн бүр л амар тайван амьдармаар байна шүү дээ. Гэхдээ ийм шалтгаанаас болоод эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ сонгоод байгаа тохиолдол байхгүй л дээ. Заримдаа тайлбарлахаас залхдаг, ийм ийм учраас, шинжлэх ухаанаар… гээд л. Насанд хүрсэн хүмүүс хоорондоо аз жаргалтай хэн нэгэнд гай болохгүй л амьдарч байна. Тэгээд л тэр.

 

- Онцгойрох гээд ядаад байна гэх хандлага дээр?

- Хүн болгонд онцгойрох, анхаарал татах хэрэгцээ байдаг гэж боддог. Күийр хүмүүс насан туршдаа сүүдэрт, хоёрт тавигдаж, түр чимээгүй байж бай даа гэх хандлага доор хавчигдаж дарлагдаж амьдарсаар байна. Тийм ч учраас улам ихээр ярих хэрэгцээтэй байна. Хэвийн түвшинд ч хүрээгүй байна. Жилд ганцхан удаа бахархлын хэдэн өдөр болж байгаа. Өөрсдөөрөө бахархаж яагаад болохгүй гэж.

- Юугаар бахархаж байгаа вэ?

- Миний хувьд энэ их замыг туулснаараа бахархаж байгаа. Өөрсдөөсөө ичих ичгүүрээсээ салсандаа бахархаж байгаа. Чи ичих ёстой шүү гэдэг багаас бидэнд суучихсан байгаа, тэрнээс салсандаа бахархаж байгаа. Сөрөг мэдрэмжүүдээсээ ангижраад, амьд байгаадаа талархаад бахархаж байгаа. Өөрийгөө хүлээн зөвшөөрсөндөө бахархаж байгаа. Энэ их замыг туулахад ямар их энерги, цаг хугацаа, золиос гаргаж, сэтгэлзүйн процессуудыг даван туулснаараа бахархаж байгаа. Хоорондоо энэ бүхнийгээ хуваалцаад, тэмдэглээд, ярилцаад бахархаж байгаа.

 - “Күийр уран бүтээлчдийг чадавхжуулах нь” төслийн талаар ярилцъя.

 

Ерөнхийдөө урлаг бол нийгмийг хөдөлгөх, ойлголт өгөх том хүч чадал. Хүний эрхийн хөдөлгөөний хувьд урлаг бүр ч илүү чухал. Күийр уран бүтээлчид нуугдмал байдаг, бэлгийн чиг баримжаа, хүйсийн чиг баримжаагаа нуудаг. Бие биеэ таньдаггүй, мэддэггүй. Энэ уран бүтээлчид хоорондоо танилцаад, бие биеэ дэмждэг, зоригжуулдаг байх нь чухал. Хоорондоо хүрээлэл үүсгэж эв нэгдэлтэй, хамтралтай, зоригтой байж урлагаар дамжуулан агуулгаа хүргэх нь чухал. Сургалтаар уран бүтээлчдэд хүний эрх, жендэр, активизмын талаар олон мэдлэг мэдээлэл өгсөн. 12 күийр уран бүтээлчийг шалгаруулж аваад оюуны өмч, урлагийн түүх гэх мэтчилэн 15 удаагийн хичээл орсон. Зургаан сарын хугацаанд бүх талаас нь чадавхжуулсан хөтөлбөр болсон.  Уран зураач, дизайнер, зохиолч, зурагчин, график дизайнер, дуучин гээд олон төрлийн хүмүүс хөтөлбөрийн оролцогчоор оролцсон. Дуучин маань гэхэд л саяны үзэсгэлэнд инстилляц хийсэн. Нэмээд үзэсгэлэн дээр 9 күийр уран бүтээлчийг оруулсан.

Күийр урлагийн онцлог нь юу вэ?

Бид патриарх нийгэмд тааруулж нийцтэй байх албагүй. Патриарх нийгмийн хүлээн зөвшөөрдөг эсвэл мэргэжлийн сургуулийг төгссөн хүнийг уран бүтээлч гэх ч албагүй. Агуулга, мессэжийг л хүргэж байвал күийр урлаг. Заавал тэд нарын зохиосон дүрмээр тоглох албагүй. Патриарх нийгмийн уран бүтээлч гэх тодорхойлолтод нийцэх албагүй.

 

- Үзэсгэлэн хаана гарч байгаа гэлээ?

- “B contemporary art gallery”-д 3 сарын 2 хүртэл үзэсгэлэн олон нийтэд нээлттэй байгаа. Орон зайг бодлоготойгоор сонгосон. Нэг давхарт хөгжлийн бэрхшээлтэй хүн орох боломжтой газар байх ёстой, галерей өөрөө ялгаварлан гадуурхалгүй байх ёстой, зураачдын урлан дотор учраас зураачид өөрсдөө хүний эрхийн талаар мэдээлэл авч байгаа. СУИС-ийн багш нар очиж үзэж байгаа, оюутнуудаа харж байгаа. Хэдэн жилийн өмнө “Best Gallery” бүх гэрээ хийгдсэн байхад үзэсгэлэн гарахаас хоёр өдрийн өмнө гэрээгээ цуцалж байсан. Шалтгаан нь зураачид дургүйцэж байна гэсэн. Тэгэхээр орон зай бидний шалгуурт нийцэх нь маш чухал

 

Funded by the International Relief Fund for Organisations in Culture and Education 2021 of the German Federal Foreign Office, the Goethe-Institut and other partners: www.goethe.de/relieffund