Н.Тунгалаг: Би эрхээ хамгаалж яваа хүн. Намайг гутаан доромжилж, өмч хөрөнгийг минь үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна
Хүний хамгийн тухтай, амгалан байх орчин бол гэр нь. Тиймээс ч Хар гэртээ хаан Бор гэртээ гэдэг биз ээ.
Мөн Үндсэн хуулиар бидэнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг олгосон байдаг. Гэтэл орон сууцжуулалт нэмэгдэхийн хэрээр гэр хорооллын айл өрхүүдийн эрх ашиг илтэд хөндөгдөх болоод байна. Тухайлбал газрыг нь орон сууцаар солихоор тохиролцдог ч ашиглалтад оруулах хугацаанаасаа удааж түрээсийн зардлаар хохироосон, амьдрах нөхцөлийг нь дордуулсан, бүр орон гэргүй болгосон тохиолдлууд ч бий.
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч Г.Дэлгэрсайхан гуайнх бол амьдрах нөхцөл нь эрс дордсон нэгэн жишээ. Тэднийх энэ газартаа төвхнөөд бараг 20 жил болжээ. Анх 2007 онд газраа өмчилж авч, өөрсдийн байшингаа барин өнөөг хүртэл амьдарч буй тэднийг хөдөө яваад ирэхэд нь цонхыг нь хаан барилгын хашаа боссон байжээ. Тэд өөрсдийн эрх ашиг, орон гэрээ хамгаалахаар хоёр жил гаруй төрийн шат шатны байгууллагаар явж, эцэстээ Захиргааны хэргийн шүүхэд хандаад байна. Энэ явцдаа төрийн дунд шатны удирдлагуудын өөрсдийн шийдвэрээ хэрхэн зөвтгөн өмгөөлдөг, барилгын компанийн иргэдийг үл хайхардаг хандлага, шүүгчийн хайхрамжгүй байдлыг ч олж харжээ.
Иргэн Г.Дэлгэрсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тунгалаг "Намайг өчнөөн мөнгө төгрөг, хэд хэдэн байр нэхсэн мэтээр гүтгэж яриад байдаг. Би эцэстээ өөрийнхөө эрх ашиг, орон гэрээ хамгаалахын төлөө л явж байгаа хүн шүү дээ" гэж байв.
Үүсээд буй энэхүү нөхцөл байдал 2021 оноос эхлэлтэй аж. Тухайн үед тэдний гэрийн баруун талд байрлаж буй барилгын компани айлуудтай уулзжээ. Тухайн үед Г.Дэлгэрсайханы гэр бүлд хоёр өрөө байр нэг, гурван өрөө байр нэгийг өгнө. Байшингаа буулга, газраа чөлөөл гэх саналыг тавьжээ. Тэд ч дуртай зөвшөөрч, байр ашиглалтад ортол амьдрах газраа ч олж. Гэтэл 10-аад хоног хөдөө яваад ирэх зуурт байшингийнх нь цонхыг хааж барилгын хашаа боссон байв.
Иргэн Н.Тунгалаг "Хүүхэд дуудахаар нь Дархан яваад 10-аад хоноод шөнө дунд гэртээ ирцгээсэн. Өглөө сэрээд хартал гэр нэг л харанхуй татаад байв. Гайхаад босоод хартал цонх таглаад барилгын хашаа барьчихсан байсан. Тэр өдөр би барилгын компанитай захиралтай уулзаад, ярьж тохирчхоод яагаад ингэв гээд асуусан л даа. Захирал нь та хэд нүүчих, байраа өгнө л гэсэн. Хариуд нь би нүүе, гэхдээ гэрээ хийнэ биз дээ гэхэд гэрээ хийхгүй, манайх аль ч айлтай гэрээ хийхгүй байгаа гэсэн юм. Гэрээгүйгээр би нүүхгүй гэдгээ хэлээд, хөршийн зөвшөөрлөө хэрэгсэхгүй болгуулсан.
Хэдэн сарын дараа Барилга, хот байгуулалтын газарт очсон чинь өнөөх барилга дээр А даалгавраа авчихсан байсан. Би учрыг нь асуухад "Барилга барихад татгалзахгүй гээд хөршийн зөвшөөрлийг авсан байна" гэж хариулсан. Гэтэл тэрхүү хөршийн зөвшөөрөл өгсөн гэж байгаа нь барилгын талбайд орсон айл байсан. Би энэ айл барилгын талбайдаа орж байгаа айл, хөрш биш, хөрш нь би шүү дээ гээд 2021, 2022, 2023 онд би хэлээд дийлээгүй. Ингэж баруун талын барилга баригдах зөвшөөрөлтэй болсон юм. Барилга 2024 оноос баригдаж эхэлсэн" гэж ярилаа.
Барилгын талбайн цементэн суурь тэдний байшингаас хавьгүй өндөр хийснээр гэр рүү нь ус орох нөхцөлийг бүрдүүлжээ. Хоёр жил гаруйн хугацаанд барилгын талбайн ус орсноор байшин нь баруун тийш хазайсан. Мөн бороо ороход гэрийнх нь доторх хэсэгт ус нэвчдэг болжээ.
Барилга ашиглалтад орсны дараа хуульд нийцүүлэхийг Ерөнхий архитектор зөвлөж, Захиргааны хэргийн хоёр шүүгч хэргээ хольсон нь
"Би 2024 оны арваннэгдүгээр сард би эднийхийг шүүхэд өгсөн. Гэвч баримтаа бүрдүүлж өгөхдөө хөөн хэлэлцэх хугацаандаа багтаагүй тул хэрэгсэхгүй болсон. 2025 онд дахин шүүхэд өгсөн ч дахин хэрэгсэхгүй болсон тул шинээр баримтууд цуглуулсан.
Газрын алба дээр очоод тухайн барилгын газрын зориулалтыг шалгуулахад гэр хашааны зориулалттай хэвээр байв. Гэр хашааны зориулалтын газарт өндөр барилга барьж болдоггүй. Тийм байтал зөвшөөрөл олгоод А даалгаврыг нь баталчихсан байгаа юм. Бүр хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр барилга ашиглалтад орсны дараа газрын зориулалтыг өөрчилж, хуульд нийцүүл гэсэн зөвлөгөө өгсөн байсан. Хууль бус юм хийгээд араас нь нийцүүлнэ гэж байж болохгүй биз дээ" хэмээн иргэн Н.Тунгалаг нэмж ярьсан.
Түүнчлэн тэрбээр зүүн талынхаа барилгыг ч мөн шүүхэд өгсөн байна. Гэтэл Захиргааны хэргийн шүүхэд хоёр өөр шүүгчид хуваарилагдсан хоёр өөр нэхэмжэлэлтэй хэрэг байтал шүүгчийн захирамжид хоорондоо холилдон бичигдсэн байжээ. Тодруулбал зүүн талын барилгатай холбоотой шүүгчийн захирамжид баруун талынх нь барилгын А даалгавар зэрэг мэдээлэл тусгагдсан байжээ. Тэс өөр хоёр шүүгчийн хариуцах хэрэг яагаад захирамж дээр нь ингэж туссан байгаа нь иргэн Н.Тунгалагт эргэлзээ төрүүлж, шүүгчид хэргээ нэгэндээ хэргээ харуулдаг, хуулуулдаг юм биш биз гэх хардлагыг төрүүлсэн байна.
Тэрбээр энэ талаар "Би баруун талын барилгын хэрэг дээр ажиллаж байгаа шүүгчээс татгалзсан юм. Таны хэрэг яагаад өөр шүүгчийн захирамж дээр орсон яваа юм бэ, би танаар энэ хэргийг шүүлгэхээс татгалзаж байна гээд Ерөнхий шүүгчид татгалзах саналаа өгсөн ч зөвшөөрөөгүй. Тэгэхээр нь би шүүгчийг Сахилгын хороонд өгсөн. Ийм шүүгчээр би шүүлгэе гэхээр итгэхэд бэрх байна.
Эцсийн эцэст би эрхээ л хамгаалж байгаа хүн. Би эвлэрээд шийдэхийг хүссэн. Гэвч намайг гутаан доромжилж, өмч хөрөнгийг минь үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Бас намайг олон байр нэхсэн, хэдэн зуун сая нэхсэн гээд өчнөөн гүтгэсэн.
Ийм нөхцөл байдал үүсээд байгаа нь төрийн захиргааны байгууллагуудын буруу. Зөвшөөрөл өгч байгаа, зураг зурж байгаа газруудын буруу. Кадастрын зургаар гараад ирж байхад энэ юун айл вэ гээд асууж болно оо доо. Гэтэл модон байр гэж бичээд зургийг нь зурж өгөөд, нөгөөх нь баталчихсан байгаа юм.
Би үнэндээ төрийн байгууллагуудын эсрэг яваад байгаа. Тэдний гаргасан шийдвэрийг хүчингүй болгохоор явж байна. Шүүх миний талд шийдвэл төрийн байгууллагын буруу болж, өрөнд орно. Учир нь төрийн байгууллагын шийдвэрт итгэж компани ажиллаж байгаа тул хохирлоо төрөөс нэхнэ биз дээ. Иймээс л намайг нухчин дарах гээд байна. Би хуулийн дагуу л явна. Хуулиар л шийдүүлнэ. Гэтэл захиргааны хэргийн хоёр шүүгч хоёр өөр хэргийн материалыг хооронд нь хольсон байхаар итгэхэд бэрх санагдаж байгаа" гэлээ.
Иргэн Г.Дэлгэрсайханы гэр бүлийн амьдарч буй нөхцөл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


