Зураг
Зураг
Индэр    
0 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

Манай улсын ЕБС-ийн 20% нь хувийнх бөгөөд тэдгээр сургуульд нийт сурагчдын 10% орчим нь суралцаж байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гарчгийн нэмэлт санаа: 

1.Ерөнхий боловсролын сургуулиудын 20 гаруй хувь нь ХУВИЙН ХЭВШЛИЙНХ байна

2.2025 оны байдлаар хувийн хэвшлийн 183 сургууль сурагчдад ерөнхий боловсрол олгож байна



2026 оны улсын төсвийн тодотголыг даган олны анхаарлыг татсан зүйл нь хувийн хэвшлийн сургуулиудын талаар байв.

Хотхоны бага сургууль байгуулах, ачаалал ихтэй бүсэд үйл ажиллагаа явуулж буй харьцангуй цөөн сурагчтай хувийн хэвшлийн сургуулиудын анги танхимыг түрээслэх болон төрөлжсөн ахлах сургууль байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж авах зэрэгт нийтдээ 50 тэрбум төгрөг зарцуулж, гэрт ойрхон сургуулийг хамгийн сайн сургууль болгоно гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулсан. 

Дээрх хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургуулийн нэр дурдагдаж, улмаар улс төрд нэлээд "халуун сэдэв" болоод амжсан билээ. Сүүлдээ парламентын танхимд суугаа аль гишүүний хамаарал бүхий сургууль, цэцэрлэг хэдэн төгрөгийн санхүүжилт авсныг илчлэх "уралдаан" болтлоо даамжирсан. Үүний зэрэгцээ хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгт яагаад төрөөс хувьсах зардлын санхүүжилт олгох ёстой вэ гэдэг зарчмын үндсэн асуудал хөндөгдөж байв. Учир нь тухайн сургууль, цэцэрлэг нь эцэг эх, асран хамгаалагчдаас төлбөр авч үйл ажиллагаа явуулдаг атал нэмж төсвөөс санхүүжүүлэх нь зөв үү, буруу юу гэдэг нь асуултын тэмдэг дагуулсан хэвээр байна.

2025 оны эцсийн дүнгээр улсын хэмжээнд ерөнхий боловсролын 900 сургууль үйл ажиллагаа явуулж байв. Эдгээрийн 20.4 хувь буюу 183 нь хувийн хэвшлийн сургууль байна.

График 1,

Эдгээр 183 сургуулиас 10 сая төгрөгөөс доош төлбөртэй сургуулиудад улсын төсвөөс хувьсах зардал олгодог. Үүнд жилд дунджаар 80-90 тэрбум төгрөг зарцуулагдаж байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан энэ сарын 1-ний өдөр болсон Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр танилцуулж байв. Энэ нь төрийн ачааллыг үүрэлцэж буй тул олгож буй санхүүжилт гэж хэлж болно хэмээн тайлбарласан.

Монгол Хувийн Сургуулиудын Холбооноос өнгөрсөн сард гаргасан мэдэгдэлдээ "Хувьсах зардал нь суралцагчдын тоо, хуульд заасан нөхцөл, шалгуурт үндэслэн хүүхдийн сургалтын зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлэх зориулалтаар сургуульд олгодог төсвийн санхүүжилт. Засгийн газрын 2026 оны 149 тогтоолд заасан хэмжээг дундажлан тооцвол төрийн сургуулийн нэг суралцагчийн жилийн суурь болон бусад хувьсах зардал 2.92 сая төгрөг байна. Харин нийслэлийн 5-10 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулийн нэг суралцагчид олгох суурь, хувьсах зардлын санхүүжилтийг ижил аргаар тооцвол 634 мянган төгрөг болно" гэжээ. 

Тэгвэл хувьсах зардал авдаг хэдэн сургууль байгааг болон хувийн хэвшлийн сургуулиудын сургалтын чанарт ямар хяналт тавьж, үнэлдэг талаар Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас дэлгэрэнгүй мэдээлэл тодруулахаар хандсан боловч эс үйлдэхүй гарган, хариу өгөлгүй удаа дараа хойшлуулах, ажил ихтэй байгаа тул түр хүлээнэ үү гэсээр хэдэн долоо хоногийн нүүр үзэв. Боловсролын Яамнаас тодруулахад мөн хариулт өгөөгүй бөгөөд албан тушаалтнууд эгээтэй л төрийн нууцтай холбоотой асуудалд хариулахаас цааргалж байгаа мэт зайлсхийж байв.

"Төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн зохист харьцаа алдагдсан"

Өдгөө хувийн хэвшлийн 183 сургуульд 80,525 сурагч суралцаж байгааг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлсэн.

График 2,

Сүүлийн 10 жилд хувийн сургуульд суралцаж буй хүүхдийн тоо 2.5 дахин нэмэгдсэн байгааг дээрх графикаас харж болно. 2016 онд ерөнхий боловсролын 778 сургуульд нийт 551,953 сурагч суралцсаны 5.7 хувь нь хувийн хэвшлийн сургуулиудад суралцсан. Харин өнгөрсөн оны эцсийн дүнгээр энэ хувь ойролцоогоор 10 хувь болж өсжээ. Энэхүү өсөлт нь манай улсад төрийн өмчийн ерөнхий боловсролын сургалтын чанар хүртээмж ямар хэмжээнд байгааг харуулна.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Байнгын хорооны хуралд оролцож, гишүүдийн асуултад хариулах үеэрээ төрийн өмчийн сургууль болон хувийн хэвшлийн сургуулийн зохист харьцаа 90/10 байдаг бол Улаанбаатар хотын хэмжээнд 70/30, Хан-Уул дүүрэгт эсрэгээрээ байгааг дурдсан юм.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ илүү чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд аль сайн гэсэн сургуулийг сонгохыг эрмэлзэж байна. Тэрхүү хэрэгцээнд тулгуурлан хувийн хэвшлийн сургуулиуд олон боломж, хөгжүүлэх хөтөлбөрүүдээ санал болгосоор өдгөө зохист харьцаа нь алдагдах нөхцөл байдал үүссэн гэж үзэж болохоор.

Төр бол хамгийн муу менежер гэсэн үг ч бий. Тиймдээ ч өнөө хэр боловсролын салбараа цэгцэлж чадахгүй явсаар. Салбарын сайд нь "Боловсролын ялгаа ямар их гарч байгааг, хувийн сургуулиуд яаж толгой дээр гарч байгаа та нар харж байна уу. Дураараа үнээ нэмдэг. Боловсролын ийм бодлого байж болох уу" хэмээн яамныхаа шуурхай хурал дээр ярьсан бичлэг цахим хуудсанд нь зургаан сар орчмын өмнө байршжээ. Тэгэхээр төрийн ачааллыг үүрэлцэж байгаа хэмээн толгойг нь илсээр сүүлдээ хувийн сургуулиудаа дийлэхгүй болсон нь эндээс харагдахаар.

Энэхүү нийтлэлээр хувийн хэвшлийн сургууль сайн муу, хувьсах зардал олгох нь зөв буруу хэмээн дэнслэх гээгүй бөгөөд амаас ам дамжин яригдаж буй асуудалд талуудын албан ёсны байр суурийг нэгтгэх, бодит тоон мэдээллийг хүргэхийг зорьсон болно.