PISA: Монгол сурагчдын байгалийн ухаан, математик, унших чадварын гүйцэтгэл OECD-ын дунджаас доогуур хэвээр байна

Н.Эрхбаяр, iKon.mn
19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс боловсролын чанараа тодорхойлуулж, олон улсад аль түвшинд яваагаа мэдэхийн тулд 2025 онд Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-д хамрагдсан. 

Энэ жилийн тухайд дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагчид оролцсон бөгөөд тэд 15 настай 33 сая сурагчийн төлөөлөл юм. Монгол Улсаас 2025 онд өөрийн орны 59,900 суралцагчийг төлөөлөн 191 сургуулийн 7,146 суралцагч тус үнэлгээнд хамрагджээ.

Үр дүнг нь өнөөдөр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцууллаа.

Математикийн хичээлийн гүйцэтгэлийн оноо

  • OECD-ын дундаж үнэлгээ оноо 463
  • Азийн дундаж оноо 439
  • Монгол Улсын оноо 419
зураг
 

2022 онд математикийн гүйцэтгэлээр Монгол Улсын суралцагчдын оноо 425 байсан бол 2025 онд 419 болжээ. Математикийн хичээлийн гүйцэтгэл 91 улсаас 49 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна.

Унших чадварын гүйцэтгэлийн оноо

  • OECD-ын дундаж оноо 461
  • Азийн дундаж оноо 413
  • Монгол Улсын оноо 374
зураг
 

2022 онд уншаад ойлгох чадварын хувьд Монголын суралцагчдын оноо 378 байсан бол 2025 онд 374 болжээ. Өөрөөр хэлбэл 2022 оны гүйцэтгэлээ хадгалсан байна. Дэлхийн хэмжээнд 2022 оныг 2025 онтой харьцуулбал PISA үнэлгээнд хамрагдсан нийт улсын 4/3 нь уншаад ойлгох чадварын гүйцэтгэл буурсан. Манай улсын хувьд энэ жил 91 орноос 70 дугаар байрт жагсжээ.

Гэхдээ яаран, өнгөц унших хандлагатай сурагчдын эзлэх хувь 8.6 хувь байсан бол 10.1 хувь болж өсжээ. Дижитал уншлагад шилжиж байгаа нь сурагчдыг нарийн төвөгтэй мэдээлэлд гүнзгий төвлөрч ажиллах чадварт нөлөөлж байж болзошгүй.

Байгалийн ухааны хичээлийн гүйцэтгэлийн оноо

  • OECD-ын дундаж 482
  • Азийн дундаж оноо 440
  • Монгол Улсын оноо 424

Байгалийн ухааны гүйцэтгэлээр Монголын суралцагчдын оноо 2022 онд 412 байсан бол 2025 онд 424 болж өссөн. Тус үзүүлэлт дээр үсрэнгүй амжилт үзүүлсэн 10 орны нэгээр Монгол Улс нэрлэгдсэн байна. 

зураг
 

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD)-ын орны сурагчдын 46 хувь нь мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгаж, нийтлэг ойлголт таамаглалаас илүү нотолгоонд тулгуурладаг. Харин Монголын суралцагчдын 48 хувь нь ингэж ажилладаг гэжээ. Гэхдээ эх сурвалжийг шалгадаг ч эцсийн дүндээ шинжлэх ухааны нотолгооноос илүүтэй нийтлэг ойлголтод найддаг сурагчдын тоо буураагүй байгаа.

Математик, унших чадварын гүйцэтгэл тогтвортой хадгалагдсан. Гэвч энэ гурван чиглэлийн гүйцэтгэл OECD-ын орнуудын дунджаас доогуур хэвээр байна. Энэ нь сурагчдын унших, математик, байгаль ухааны суурь ур чадварыг цаашдаа тогтвортой хөгжүүлэх шаардлагатай байгаа" гэв.