Долоо дахь Жэймс Бондоор жүжигчин Роберт Паттинсон тодорч, Даниэл Крэйгийг залгамжлахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Даваа гарагт жүжигчин Роберт Паттинсоныг дараагийн Жэймс Бондоор тодруулсныг тус киноны уран бүтээлчид зарлалаа. ​​Ингэснээр тэрбээр Британийн алдарт тагнуулчийн дүрийг бүтээсэн долоо дахь жүжигчин болж байгаа бөгөөд "Amazon MGM" компани уг кино цувралыг үргэлжлүүлэн бүтээх эрхийг худалдаж авснаас хойших анхны Бонд болж байна.

"007"-гийн түүхэн дэх хамгийн урт завсарлагын дараа Паттинсоныг сонгож байгаа бөгөөд Даниел Крэйгийн дараа хэн энэ дүрийг залгамжлах тухай олон жилийн турш үргэлжилсэн таамаглалуудад цэг тавилаа.

Энэхүү шийдвэр нь 2021 онд гарсан "No Time to Die" киноноос хойш таван жилийн дараа гарч ирж байна. Бондын 64 жилийн түүхэнд уг кино нь гол дүрийн баатрын үхлээр төгссөн анхны бүтээл байсан юм. Гэсэн хэдий ч Дэни Вильнёвын найруулах Бондын 26 дахь кинонд "007" дахин амилах болно.

Паттинсон мэдэгдэлдээ "Жэймс Бонд бол кино урлагийн хамгийн домогт дүрүүдийн нэг бөгөөд '007'-гийн дүрийг бүтээх итгэл хүлээлгэсэн нь миний амьдралын хамгийн том нэр төрийн хэрэг юм" гэжээ.

"Энэ дүрийг авснаа мөрөөдөл биеллээ гэж хэлэхэд ч багадна. Энэхүү төсөлд оролцож, гайхалтай багтай хамтран ажиллах гэж байгаадаа би хязгааргүй их баяртай байна” гэж тэр цааш нь мэдэгдсэн юм.

Паттинсон уг дүрийн шалгаруулалтад оролцсон нь ил болсны дараа л түүний нэр Бондын дүрд яригдаж эхэлсэн юм. Түүнээс гадна Каллум Тернер, Жош О'Коннор, Жэк Лауден, Николас Холт нарын нэрс мөн яригдаж байв.

Продюсерууд харьцангуй залуу, олонд төдийлөн танигдаагүй жүжигчнийг сонгоно гэж удаан хугацаанд таамаглаж байсан ч эцсийн дүндээ тэд өөрийн үеийнхний дундаас хамгийн алдартай жүжигчдийн нэгийг сонгожээ.

40 настай Паттинсон нь "007"-гийн дүрийг эхлүүлэхэд арай ахимаг настайд тооцогдож магадгүй юм. Тэрбээр одоогоор "The Batman Part II" (Батмэн 2-р хэсэг) кинонд өөр нэгэн алдарт дүрийг бүтээхээр ажиллаж байгаа.

Паттинсон нь өмнө нь "Batman", "Twilight", “Harry Potter" зэрэг томоохон кино цувралуудад тоглож байсан туршлагатай.

Гэвч "Twilight" киногоор олонд танигдсанаасаа хойш тэр ихэвчлэн индепендент төрлийн, найруулагчийн өвөрмөц өнгө аяс бүхий бүтээлүүдэд түлхүү тоглосон. Тухайлбал ах дүүс Сафди нарын "Good Time", Роберт Эггерсийн "The Lighthouse", Бон Жүн Хогийн "Mickey 17" зэрэг кинонууд үүнд багтана.

Энэ оны эхээр тэрбээр Кристофер Ноланы "The Odyssey" кинонд эсрэг талын дүрийг гайхалтай бүтээж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.

Найруулагч Вильнёв энэ сонголтоо хэцүү бөгөөд зөв болсныг баталж байна.

"Бид гайхалтай авьяаслаг хүмүүсээр хүрээлүүлсэн байсан ч 007 гэдэг дүр ганцхан л байх ёстой. Роберт Паттинсоныг шинэ Жэймс Бондоор угтан авч байгаадаа туйлын баяртай байна. Тэрбээр 007-д байх ёстой мөнхийн мөн чанарыг өөртөө шингээхийн зэрэгцээ цоо шинэ уур амьсгалыг авчирч байна. Ажлаа эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж тэр мэдэгджээ.

Энэхүү сонгон шалгаруулалт нь цуврал киноны хувьд эгзэгтэй цаг үед тохиож байна. 2022 онд Бондын киног олон жил бүтээж ирсэн MGM студийг Amazon компани $8.5 тэрбумаар худалдаж авсан билээ.

007-гийн цаашдын хувь заяаны талаар удаан хэлэлцсэний эцэст продюсерууд болох Барбара Брокколи, Майкл Г. Уилсон нар 2025 онд Бондын уран бүтээлийн үйл явцыг удирдах эрхээ шилжүүлэн өгчээ. Одоогоор нэр нь тодорхойгүй байгаа "Бонд 26" нь 1962 онд гарсан анхны "Доктор Но" (Dr. No) киноноос хойш Брокколигийн гэр бүлийнхэн супер тагнуулчийн дүрд тоглох жүжигчнийг өөрсдөө сонгоогүй анхны тохиолдол болж байна.

Харин шинэ Бондыг сонгох үүргийг Sony Pictures-ийн тэргүүн асан, "Хүн-аалз" киноны продюсер Эми Паскал болон "Харри Поттер", "Паддингтон" цувралуудыг хариуцаж байсан Дэвид Хэйман нар хүлээж авчээ. Киноны зохиолыг бичүүлэхээр Стивен Найт ("Peaky Blinders", "Locke" киноны зохиолч)-ыг урьсан байна.

Даниел Крэйг дүрээсээ гарахаас ч өмнө Шон Коннери, Жорж Лазенби, Рожер Мур, Тимоти Далтон, Пирс Броснан, Дaниел Крэйгийн залгамжлагч хэн байх вэ гэсэн таамаг, бооцоо өдөр шөнөгүй яригдсаар ирсэн. Тухайлбал жүжигчин Идрис Эльба карьерынхаа талыг 007-той холбоотой цуу яриаг үгүйсгэхэд зарцуулсан гэхэд болно.

Бондын цуврал түүхэндээ хэзээ ч зогсож байгаагүй. Гэвч 26 дахь кино нь Бондын түүхэн дэх хамгийн урт завсарлагын дараа гарч ирж байна.

“No Time to Die” киноны зураг авалт 2019 онд дууссан (коронавирусийн цар тахлын улмаас нээлт нь хойшилсон) гэж үзвэл энэ завсарлага бүр ч урт үргэлжилжээ.

Зарим шүтэн бишрэгчид нь Amazon-ы хяналтад орсон Бондын шинэ эрин үеийн талаар эргэлзэж байна. Prime Video болон Amazon MGM Studios-ийн тэргүүн Майк Хопкинс уг цувралын өв соёлыг хадгалж, "дэлхий даяарх үзэгчдэд зориулсан домогт 007-гийн дараагийн үе шатыг" эхлүүлнэ гэж амлажээ. Жэймс Бондын тухай кинонууд дэлхий даяар тасалбарын борлуулалтаараа $7 тэрбум гаруйн орлого олсон байдаг. Тухайлбал 2021 онд гарсан "No Time to Die" кино $774 саяын орлого цуглуулсан байна.

Түүнчлэн эдгээр кинонууд нь стриминг үйлчилгээний гэрээ, видео тоглоом, цаашлаад "Aston Martin" автомашин гээд олон төрлийн нэмэлт орлогын эх үүсвэрийг бий болгодог.

Бондын дүрд тоглосон зарим жүжигчид үүнийг өөрсдөдөө дарамт болсон зүйл гэж үздэг байсан ч Даниел Крэйгийн хувьд энэ дүр түүнийг хүн бүрийн таньдаг алдартан болгосон юм. Британийн жүжигчин тэрбээр уг дүрд сонгогдохоосоо өмнө төдийлөн олонд танигдаагүй байсан бөгөөд сонгогдох үедээ "шар үстэй анхны Бонд" хэмээн шүүмжлэл, доог тохуутай тулгарч байв.

 

Эх сурвалж: Associated Press