Техникийн олон удаагийн саатлын дараа АНУ системтэй халдлагад өртөж байж болзошгүй гэх сэжгийг Рубио няцаалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд гарсан технологийн цуврал тасалдлууд хоорондоо холбоотой байж болзошгүй гэсэн хүмүүсийн санаа зовнилыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио үгүйсгэж, тэдгээрийн хооронд ямар нэгэн холбоо хамаарал байгааг нотлох "ямар ч баримт алга" гэж мэдэгджээ.

АНУ-д бүх нислэгүүд зогссон, банкны үйлчилгээ, Apple болон Microsoft компанийн онлайн үйлчилгээнүүдэд өргөн хүрээнд доголдсон зэрэг олон тохиолдол дараалан гарсантай холбогдуулан хүмүүс үүнийг АНУ-ын эсрэг чиглэсэн ямар нэгэн санаатай хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй хэмээн болгоомжлох болсон юм.

"Бид ямар нэгэн системтэй халдлагад өртөөгүй. Эдгээр үйл явдлууд нь хоорондоо ямар ч холбоогүй, тус тусдаа зүйлс юм" гэж Рубио өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Кибер аюулгүй байдлын шинжээчид бас эдгээр доголдлуудыг хоорондоо холбоотой гэх ямар ч нотолгоо байхгүй, ихэнх асуудал нь хуучирсан дэд бүтцийг шинэчлэх явцад үүссэн гэж үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Microsoft компанийн үйлчилгээнд томоохон доголдол гарч, АНУ даяар бүх нислэгийг хэдэн цагийн турш зогсооход хүргэсэн техникийн саатал тохиолдсон. Мөн Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA), АНУ-ын хэд хэдэн банк болон Apple компанийн үйлчилгээнд ч асуудлууд үүссэн юм.

Нөлөөлөлд өртсөн компани, байгууллага бүр үүнийг кибер халдлагатай холбоогүйг мэдэгдээд байгаа.

Рубиогийн мэдэгдлийн өмнөхөн Fox News сувагт өгсөн ярилцлагадаа АНУ-ын үндэсний тагнуулын газрын дарга Жэй Клэйтон эдгээр доголдол, саатлууд нь кибер халдлагын үр дүн биш болохыг батлан хэлсэн юм. Тэрбээр "олон байгууллага" системээ шинэчлэх, сайжруулах ажил хийж байгаа нь зарим саатал үүсэх шалтгаан болсон гэж тайлбарлажээ.

Олон нийтийн дунд үүссэн айдас нь хүмүүсийг хүнсний бараа нөөцлөх, банкнаас хадгаламжаа бөөнөөр нь татахад хүргэж болзошгүй гэдэгтэй санаа нийлж байгаа эсэхийг нь Рубиогоос сэтгүүлчид асуусан байна.

Ийм үр дагавар гарч болзошгүйг хүлээн зөвшөөрсөн Рубио үүнийг шийдвэрлэх хамгийн зөв арга бол АНУ-ын засгийн газар мэдэж буй бүх мэдээллээ Америкийн ард түмэнтэй хуваалцах явдал юм гэж хариулжээ.

"Бидэнд байгаа бүх баримт нотолгоо нь эдгээр үйл явдлууд кибер гэмт хэрэгтнүүд, дайсагнагч этгээдүүд эсвэл өөр улс оронтой ямар ч холбоогүй болохыг харуулж байна" гэж тэр хэлсэн юм.

Пүрэв гарагт Microsoft компанийн онлайн үйлчилгээнд доголдол гарснаар дээрх бүх саатлууд эхэлж байв.

Тус компани уг доголдлыг кибер халдлага бус, харин дотоод шинэчлэлтээс үүдэлтэй болохыг мэдэгдсэн.

Маргааш нь Холбооны Нислэгийн Захиргаа (FAA) орон даяар бүх нислэгийг зогсоосон нь дөрвөн цаг орчим хугацаанд үргэлжилсэн юм.

Даваа гарагт United Airlines компанийн техникийн саатлын улмаас 150 орчим нислэг саатсан бол JPMorgan Chase банкны программын доголдлын улмаас банкны олон үйлчилгээ зогсжээ.

Мягмар гарагт Apple компанийн iCloud, Apple Pay үйлчилгээнүүд мөн доголдсон юм. Тус компани бас үүнийг кибер халдлагатай хамаагүй, системийн дотоод шинэчлэлээс болсон гэж тайлбарлажээ.

Мягмар гарагт бас АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA)-ийн дотоод харилцаанд ашигладаг, өндөр нууцлалтай холбооны сүлжээ хэсэг хугацаанд ажиллагаагүй болсон байна.

 

Эх сурвалж: BBC