О.Цогтгэрэл: Хэдхэн цагийн дараагаас МАН-ын гишүүн Монгол Улсын эв нэгдлийг хангах Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж эхлэх гэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Манай намын шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч, огцрохоо мэдэгдсэн. Албан тушаалтнууд огцорч, чөлөөлөгдөж болно. Гэхдээ 10 жил угсарсан авлигажсан тогтолцооны жүжиг үргэлжлэх ёсгүй. Нэг нь шалгуулсан нэр зүүж, нөгөө талд АТГ, прокурор шалгасан нэр зүүж, аргалж, жүжгээ үргэлжлүүлдэг байж болохгүй. Үүнийг таслан зогсоохын төлөө АН тууштай зогсох болно. 

Монгол Улсын төрийн тэргүүн ажиллаж байх хугацаандаа дарангуйлагч болдог. Буусныхаа дараа авлигач, хулгайч болдог жишиг тогтлоо. Энэ тогтолцоог өөрчилж, сонгодог парламентын зарчим руу алхах шаардлага үүсээд байна. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан албан тушаалаасаа буугаад магадгүй зургаан жилийн хугацаанд ч юм уу улс төрийн албан тушаал хашдаггүй байх зэрэг хуулийн өөрчлөлт хийх шаардлага бий. 

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх гэж байна. Манай намын зүгээс УИХ-ын даргатай холбоотой байр сууриа өмнө нь илэрхийлж байсан. Тухайлбал, УИХ-ын даргаар аль нэг намын гишүүн, дарга ажиллах ёсгүй. Бидний энэ шаардлага зөв, зүйтэй байсныг өнөөдөр харуулж байна. 

Өнөөдөр Монгол ардын намын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн хүн Монгол Улсын эв нэгдлийг хангах Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж эхлэх нь. Зүй нь Ерөнхийлөгч намын харьяаллаасаа түдгэлзсэн байх ёстой. Гэтэл нэг намын эрх ашгийг баригч хэдхэн цагийн дараагаас төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх гэж байна. 

Мөн Ерөнхий сайд Н.Учрал 110 сая ам.долларын гэх асуудлаас эхлээд авлигын асуудлууд дээр хариуцлага тооцох болно гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Битгий ингэж жүжиглэж, дүр эсгэ гэж хэлмээр байна. Тэр 110 сая ам.долларын болон бусад ҮАБЗ дээр байгаа оффтейк гэрээнүүдийг ил болго. Тэдгээр гэрээг нууцад авах болсон ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болго. Хэн баталж, ямар байр суурь илэрхийлж байсан. Нууцад авах, нууцаас гаргах эрх нь Засгийн газарт байгаа. Тиймээс үнэхээр л авлигатай тэмцэх гэж байгаа бол ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болго гэж шаардаж байна" гэв.