Х.Тэмүүжин: Ерөнхийлөгч албан тушаалаасаа буугаад тодорхой хугацаанд намын гишүүнчлэлээ сэргээхгүй, сонгуульд нэр дэвшихгүй байх ёстой

А.Ням-Өлзий, iKon.mn
10 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монголд тогтолцооны авлига бий болчихсон. Нэг хүн эсвэл хэсэн бүлэг хүнийг тэр тогтолцооноос холдуулснаар тэмцсэн болохгүй. Харин тогтолцоог бүхэлд нь өөрчилж байж авлигыг засна. 

Өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд УИХ-ын цахим хуудаст Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл тавигдсан байгаа. Тэр хуулийн төсөлд 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлж, Үндсэн хуулиар олгогдоогүй Ерөнхийлөгчийн эдэлж байгаа бүрэн эрхүүдийг хязгаарлах үзэл санаа тусгагдсан. Түүн дотор маш чухал гурван зохицуулалт бий. Тэр нь ямар зохицуулалт вэ гэхээр Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүмүүс нэг бүрэн эрхийн хугацаа буюу зургаан жилийн дотор улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээхгүй гэдэг зарчим. Яагаад энэ зарчмыг тусгасан бэ гэхээр, Ерөнхийлөгчтэй намын зовлон гэдэг нэг үзэгдэл бий. Ерөнхийлөгч болсон хүн болгон эргэж намаа самардаг. Би энэ суудлаас буугаад хаана улс төр хийх вэ гэдгээ хардаг учраас намаа буцааж авах гэж оролддог, намын дарга болох гэж зүтгэдэг. Энэ үзэгдэл Ардчилсан намд ч, Ардын намд байсан. Энэ үзэгдлээс бол улс төр байнга савладаг. Ерөнхийлөгч намаа буцааж авах зорилгынхоо хүрээнд хонгил угсарч эхэлдэг. Хууль, шүүхийн байгууллагаар өрсөлдөгчөө намнаж эхэлдэг. 

Энэ үзэгдлийг зогсоох ганц арга нь Ерөнхийлөгчийн институцийг "Тэхийн зогсоол" болгох. Тэх хөгшрөөд эврээ даахгүй болохоороо уруудаж чадахаа больж, тонгойхоор доошоо уначих гээд байдаг. Тийм учраас зөвхөн өөдөө өгсдөг. Өөдөө өгссөөр хамгийн өндөр оргилд гараад, эврээ даалгүйгээр доош унаж, амьдралаа дуусгадаг. 

Ерөнхийлөгч бол Монголын төрийн хамгийн өндөр албан тушаал. Үүнээс доошоо албан тушаалын шунал байж болохгүй. Энэ шунал л өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн хувь заяанаас харагдлаа. 

Хоёрдугаарт, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг тангарагтаа Ерөнхийлөгч байсан хүмүүс насан туршдаа үнэнч байх ёстой. Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа намын дарга, УИХ-ын гишүүн болно гэж ард түмнийг хагалан бутаргаж, талцуулдаг байж болохгүй. Тиймээс дотоодын сонгуульд нэр дэвшиж, Ерөнхийлөгчийн нэр хүндэд халддаг байдлыг хуулиар хязгаарлах ёстой. Төрийн алба руу зүглэж, албан тушаал горилж, төрийг сүйтгэдэг байдлыг хязгаарлах ёстой. 

Ийм агуулгатай хуулийн төслийг УИХ-ын цахим хуудаст байршуулаад жил болж байна. Өргөн барих хүсэлтээ УИХ-ын даргад өгөөд, товоо хүлээж байна. УИХ энэ хуулийг хэлэлцэж батлах ёстой" гэлээ.