Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг маргааш иргэдэд танилцуулна
Нийслэлээс энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг нэвтрүүлнэ гэж мэдэгдээд буй.
Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 2,000 өрхөд энгийн цахилгаан халаагуур, 4,000 өрхөд дулаан нөөцлүүртэй халаагуур, 1,000 өрхөд дулааны насос суурилуулах аж.
Уг төслийн талаар маргааш буюу 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбай дээр иргэдэд дэлгэрэнгүй мэдээллийг өгөх өдөрлөг зохион байгуулахаар товложээ.
Дээрх төслийг хэрэгжүүлэхдээ батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулах юм байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаа, Зүүнсалаанд нийт 2.4 МВт хүчин чадалтай гурван бичил цахилгаан сүлжээ байгуулж, 800 өрхийг цахилгаан халаалтад шилжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулжээ.
Харин Швейцар улсын санхүүжилтээр 750, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 303 өрхийг сэргээгдэх эрчим хүчний халаалтад шилжүүлэх төсөл үргэлжилж байгааг албаны эх сурвалжууд мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

