АН: УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх хугацаандаа парламентыг тараах санаачилга гаргах ёсгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Түүх сануулъя. Анх төмөр зам, нүүрс гэдэг энэ том авлигын хэргүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нууцад авсан. Энэ бол дэлхийн улсуудад байдаг том мафи ч ингэж төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг. Энэ явдал М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулснаас эхэлсэн. Тэр хүн ҮАБЗ дээр энэ асуудлыг эсрэг зогсож байсан учраас, гаргаад, өөрийн бодлогыг дэмжих хүүхэлдэйнүүдийг авчирсан. ҮАБЗ-ийн шийдвэр гарах үед УИХ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байсан. Тухайн үед би "Ерөнхийлөгч нутгийн дүүгээ УИХ-ын толгойд тавиад түүнийгээ ҮАБЗ рүү оруулж, шүүхийг шүүх биш, прокурорыг прокурор биш болгож, УИХ-ын гишүүдийг заналхийлж байгаад, авлигыг эхлүүллээ шүү" гэж хэлж байсан. Тиймээс энэ хэргийн ул, сууриас нь эхлэн шалгах ёстой. Тухайн үед шийдвэр гаргасан ҮАБЗ-ийн бүх гишүүн хариуцлага хүлээх ёстой.
Үүнийг шударгаар шийдэхийн тулд хийх ёстой ажил байна.
Нэгдүгээрт, УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг давхар хэрэгжүүлэх гэж байна. Ингэхдээ УИХ-ын даргын огт эдэлж болохгүй хэд хэдэн эрх бий. Нэг нь УИХ-ын тараах. Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж энэ саналыг УИХ руу оруулдаг. Гэтэл одоо нэг хүн энэ эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж байна. УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрх мэдлийг хэрэгжүүлэх хугацаандаа парламентыг тараах ямар ч санаачилга гаргах эрхгүй байх ёстой.
Хоёрдугаарт, УИХ-ын дарга баталсан хуульдаа өөрөө хориг тавьж болохгүй.
Гуравдугаарт, УИХ-ын дарга ҮАБЗ-ийг тэргүүлэх гэж байна. ҮАБЗ-өөс гурван хүний санал нэгдэж байж шийдвэр гардаг. Гэтэл одоо нэг хүн орлох гэж байна. Тиймээс ҮАБЗ асуудал үнэхээр л ноцтой болоогүй бол нэг хүний хоёр саналтайгаар хуралдах боломжгүй гэдгийг сануулах хэрэгтэй.
Ийм байдлаар УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг нарийвчлан журамлах шаардлагатай. Эдгээр асуудлыг Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөлд тусгасан байгаа ч хуулийн төслөө өргөн барих товыг хүлээж байна.
Мөн хуульд УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж зааснаас бус Ерөнхийлөгч УИХ-ын чуулганыг удирдана гэдэг заалт байхгүй. Тийм учраас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа УИХ-ын дарга Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлээд явж болно. УИХ-ыг хоёр дэд даргын нэг удирдаад явах нь Үндсэн хуультай зөрчилдөхгүй. УИХ-ыг хэн удирдах гэдэг асуудал яригдахаас өөр аргагүй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
