АНУ-ын амьтны хүрээлэнгийн алдартай усны үхэр зочны малгайг санамсаргүй залгисны улмаас амиа алджээ
Дэлхий дахинд алдаршсан усны үхэр Фиона санамсаргүй ноосон малгай залгисны улмаас насан эцэслэснийг АНУ-ын Цинциннати хотын амьтны хүрээлэнгийн захиргаа Пүрэв гарагт мэдэгджээ.
Есөн настай уг усны үхэр өнгөрсөн долоо хоногт тус амьтны хүрээлэнд ирсэн зочны сүлжмэл малгайг залгисны дараа хоолны дуршлаа алдаж эхэлсэн юм байна. Эмч нар хэд хэдэн удаа малгайг гаргах гэж оролдоод амжилтгүй болжээ.
"Манай гайхалтай малын эмч нар, хамгаалагчдын баг Фионад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээр олон удаа оролдсон ч тэр амьд үлдээгүй гэсэн аймшигт мэдээг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа туйлын харамсаж байна. Өнгөрсөн долоо хоногт түүний амьдрах орчинд санамсаргүй нэвтэрсэн малгайг залгисны дараа малын эмч нар түүнд туслахын тулд чадах бүхнээ хийсэн юм” гэж амьтны хүрээлэнгийн захиргаа сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.
Өнгөрсөн хэдэн өдөр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс түүний биеийн байдалд санаа зовж байлаа. Сошиал сүлжээний нэгэн хэрэглэгч "Би хэзээ ч усны үхрийг баагаасай гэж ийм их залбирч үзээгүй юм байна" хэмээн бичсэн байна.
Зарим хүмүүс малгайн эзэн хүүхдийн эцэг эхийг буруутгаж байв. Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр тухайн хүүхэд малгайгаа агаарт шидэхэд тэр нь таазанд байсан сэнсэнд тээглэж, цааш шидэгдэхдээ усны үхрийн хашаан дотор унасан юм байна.
Амьтны хүрээлэнгийнхэн Фионаг аврахын тулд янз бүрийн арга хэрэглэсний нэг нь орон нутгийн адууны фермээс зээлж авсан "чичиргээт тавцан" байжээ. Энэ нь түүний хоол боловсруулалтыг идэвхжүүлж, гаднын биетийг гадагшлуулахад туслах зорилготой байв.
Түүнчлэн малын эмч нар түүнд кофе үнэрлүүлж хүртэл үзсэн байна.
Амьтны хүрээлэнгийн эрүүл мэндийн албаны дарга Майк Веннингерийн хэлснээр Фионаг 24 цагийн турш хяналтад байлгаж, бургуй тавих, өвчин намдаах болон дотор муухайралтын эсрэг эм өгөх зэрэг эмчилгээ хийсэн гэнэ.
Фиона нас бие гүйцсэн амьтан тул мэс засал хийх боломжгүй байсан бөгөөд түүнийг тайвшруулах эмээр унтуулсны дараа шулуун гэдсээр нь 2.74 метрийн урттай дуран оруулж, малгайг гаргаж авах гэж оролдсон ч амжилтгүй болжээ.
Фиона нь 2017 оны нэгдүгээр сард төрсөн бөгөөд тэрбээр Цинциннатийн амьтны хүрээлэнд сүүлийн 75 жилийн хугацаанд төрсөн анхны Нил мөрний усны үхэр юм байна.
Тэрбээр дутуу төрсөн тул эхлээд хөл дээрээ зогсож чадахгүй, эхээ хөхөж чадахгүй байсан ч удалгүй гайхалтай хурдан тэнхэрч байжээ.
Фиона болон түүний 2022 онд төрсөн дүү Фриц нар тарвас идэж, тилапиа загасаар дүүрэн усан сан дотор сэлж буйг харуулсан дүрс бичлэгүүдээрээ дэлхий даяар алдаршаад байсан юм.
1875 онд нээгдсэн Цинциннатийн амьтны хүрээлэн нь АНУ-ын хоёр дахь хамгийн хуучны амьтны хүрээлэн ажээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

