Б.Багахүү: Угаарын хийн эрсдэл үүссэн айлд хяналтын ажилтан очихоор хаалгаа тайлахгүй, гэртээ оруулахгүй тохиолдол их гардаг

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Галлагааны улирал эхэлсэн энэ үед угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж, Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнууд айл өрхөд хэрхэн үйлчилдэг тухай товч танилцууллаа.

Тус төвийн өрхийн зуухны инженер Б.Багахүү "Угаарын хийн эрсдэл үүссэн айл өрхөд гэрээт хяналтын ажилтан өөрийн биеэр очиж, зөвлөгөө мэдээллийг өгдөг. Ажилтныг очиход айл өрхүүд хаалгаа тайлахгүй, гэртээ оруулахгүй гэсэн тохиолдол элбэг. Тус төвийн 500 гаруй ажилтан "Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" гэсэн бичигтэй хувцас өмсөж, ажилтны үнэмлэхтэй явдаг учир айл өрхүүд хяналтын ажилтныг гэртээ оруулж, зуух, яндан зэрэг шаардлагатай үзлэг шалгалтыг хийлгэхийг уриалж байна" хэмээв.

Иргэд угаар мэдрэгчээ байнга ажиллуулж, галласан үедээ яндангийн хаалт сойлтыг хаахгүй байх, бүртгэлтэй утасны дугаараа тогтмол нээлттэй байлган угаарын хийн эрсдэлийн аюулаас сэргийлэхийг зөвлөлөө.

Угаар мэдрэгч ашиглах заавар:

  • Анх асаасны дараа 20 секунд хүлээнэ.
  • Хэсэг дуугарч дохио дамжуулсны дараа асаалт амжилттай болно.

Дохио дуугарвал:

  • Цонх, хаалгаа нээгээд бүгдээрээ гадагш гарна.
  • Угаар мэдрэгчийг унтрааж, асаагаад 10 секунд хүлээнэ.
  • Хий арилаагүй бол дахин дуугарна.

"Гэр эзгүй үед угаар мэдрэгчийн дохио дуугарсан бол холбогдох дугаар руу оператор холбогддог. Тиймээс иргэд бүртгэлтэй утасны дугаараа идэвхтэй байлгах нь зүйтэй. Хэрэв утасны дугаар солигдсон бол 70119410 дугаарт холбогдон мэдээллээ шинэчлэх"-ийг санууллаа.

Сүүлийн гурван жилийн байдлаар:

  • 2023 онд 3,184 хүн,
  • 2024 онд 2,830 хүн,
  • 2025 онд 2,267 хүн угаартжээ. Угаартсан иргэдээс 2023 онд 63, 2024 онд 53, 2025 онд 30 хүн амиа алдсан харамсалтай тохиолдлууд гарсан байна.

“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ 2025 оноос эхлэн нийт 574 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагааг тогтмол явуулж, нийслэлийн хэмжээнд хатуу болон хийн түлш хэрэглэгч өрхүүдийн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, пийшин, яндангийн битүүмжлэл, ашиглалтын аюулгүй байдлыг хангах, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг зөв зохистой ашиглуулах, зөвлөмж мэдээлэл түгээх, сургалт сурталчилгаа зохион байгуулах үүрэгтэй бөгөөд нийслэлийн төсвөөс зарцуулах үйл ажиллагааны зардал нь энэ онд ₮8.2 тэрбум байна.