Уншиж байна ...

Д.Сувд: Шөнийн цагаар угаар мэдрэгчийн дохио дуугарахад төвөгшөөж, битгий унтраагаарай

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн Intum угаар мэдрэгчийн баталгаа таван жил, тасралтгүй ажиллуулахад гурван жилийн баталгаатай бөгөөд нарийвчлал, мэдрэх чадвар өндөр гэнэ. Гэр хорооллын 122 мянган айлд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай энэхүү угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг унтраахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөлөө.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэдээллээр хоногт 19,000 айл угаар мэдрэгч төхөөрөмжөө унтраадаг байна.

“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга: ТҮХТ нь нийслэлийн хэмжээнд долоон дүүрэгт нийт 176 мянган өрхөд угаарын хийгээс урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах мэдээлэл өгч ажилладаг. Мөн өрхүүдийн яндан, зуухны битүүмжийг шалгаж, засвар үйлчилгээ үзүүлж байна.

Хяналтын төвийн хувьд айл өрхүүдийн агаарын чанар муудсан, угаарын хий илэрсэн мэдээллийг хүлээн авч тухайн айл, иргэнд сэрэмжлүүлдэг. Айл өрхүүд зуухаа удаан галлаагүй байснаас үүдэн яндан хоолойн битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг.

“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дэлгэцийн оператор Д.Сувд: Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш дөрвөн ээлжээр ажиллаж, өрхүүдийн угаар мэдрэгчийг хянадаг. Өдрийн 12 цагийн хугацаанд нэг хүн 300–350 өрхийн дуудлагад хариу өгч, нийт 1,200–1,300 дуудлага хүлээн авч байна.

Хүйтний улирал болж, галлагаа эхэлснээр түлшний таталт, утааны дуудлагууд их ирж байна. Тиймээс засварын дуудлагууд ч мөн давхар нэмэгдэж байгаа. Угаар мэдрэгч нь гэрийн агаарыг хянаж, түвшин ихсэхэд дуут дохио өгдөг. Зарим иргэд шөнийн цагаар дохио дуугарахад төвөгшөөгөөд унтрааснаас болж хяналтын төвд дохио ирэхээ больдог. Ингэснээр тухайн өрх угаартах эрсдэлтэй тул угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно.

Угаарын хий үнэргүй, харагддаггүй тул иргэд өөрсдөө мэдэх боломжгүй. Иргэд угаар мэдрэгчийн дуут дохио ирэхэд утсаа авахгүй байх, эсвэл хяналтын төвийн дугаарыг блок хийх тохиолдол гарч байна. Иргэд 70119410 гэсэн дугаараас залгасан тохиолдолд заавал утсаа авах шаардлагатайг анхааруулж байна.

“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын өрхийн зуухны инженер П.Анхбаяр: Угаар мэдрэгчийн баталгаа таван жил, тасралтгүй ажиллуулахад гурван жилийн баталгаатай. Ихэвчлэн механик эвдрэл болон хэрэглэгчийн хайхрамжгүй байдлаас угаар мэдрэгчийн гэмтэл үүсдэг. Төхөөрөмжийг монгол инженерүүд зохион бүтээсэн бөгөөд нарийвчлал, мэдрэх чадвар өндөр болсон.

Засвар үйлчилгээний хэлтэс долоон дүүрэгт ажиллаж, шаардлагатай айл өрхүүдийн пийшинг хөөлж, засварлаж байна.

Өнөөдрийн байдлаар 2,500 гаруй дуудлага ирж, 2,384 айлд үйлчилгээ үзүүлээд байна. Стандартын шаардлага хангаагүй зуух хэрэглэснээс болж угаарын хий үүсэх тохиолдол ихэссэн. Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна. Жишээлбэл сайжруулсан түлшний шаталтын хугацаа найман цаг байдаг ч айл өрхүүд 5–6 цагийн дараа гал унтарсан гэж үзэн яндангаа хаадаг. Үүний улмаас угаарын хий үүсэж, хүчилтөрөгчийн дутагдалд ордог.

Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж, бат бөх газар байрлуулж, унтраахгүй байх шаардлагатай.

Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон дуудлага ирж байгаа бөгөөд 15 мянга гаруй угаарын тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс 644 өрхөд шөнийн цагаар угаарын түвшин аюултай хэмжээнд хүрч, хяналтын ажилтнууд газар дээр нь очиж, авран хамгаалсан юм. Нийслэлийн долоон дүүрэгт хариуцсан хяналтын багууд ажиллаж, угаарын хий илэрсэн айлд утсаар болон биечлэн очиж сэрэмжлүүлэг өгдөг. Утас нь холбогдохгүй бол хажуу айл руу холбогдож, шаардлагатай тохиолдолд жижүүрийн баг очдог.