FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны ерөнхийлөгчийн сонгууль 2027 оны гуравдугаар сард болно. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хамгийн сүүлийн хугацаа энэ сарын 18-нд байсан юм.

Тэгвэл өчигдөр FIFA нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа. Одоогоос 10 жилийн өмнө тэргүүнээр сонгогдсоноос хойш хоёр удаагийн сонгуульд өрсөлдөгчгүй сонгогдсон Жианни Инфантино, Францын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Филипп Диалло, Японы хөлбөмбөгийн холбооны хүндэт ерөнхийлөгч Козо Ташима нар энэ удаагийн сонгуульд өрсөлдөнө.

Швейцарын шигшээ багийн хамгаалагч асан Рамон Вега өнгөрсөн сард нэр дэвшихээ зарласан ч болзол хангаж чадаагүй байна.

FIFA-гийн 77 дугаар чуулган ирэх оны гуравдугаар сарын 18-нд Мароккогийн Рабат хотноо болох юм. Сонгуульд өрсөлдөгчид хамгийн багадаа таван улсаас дэмжлэг авснаар нэр дэвших болзлоо хангаж буй.

Японы хөлбөмбөгийн холбоог олон жил удирдсан Козо Ташима өдгөө хүндэт ерөнхийлөгч болсон билээ. Өдгөө 68 настай энэ эрхэм 1980-1982 оны хооронд тамирчин байхдаа шигшээдээ долоон тоглолтод оролцож байсан аж. Хожим Японы шигшээ багийнхаа u17 болон u19 насны багийг дасгалжуулж, 2010 оноос Японы хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, 2016 оноос ерөнхийлөгчөөр ажилласан туршлагатай.

Түүнийг аль холбоо дэмжиж байгаа талаар зарлаагүй ч Тайландад болсон Азийн хөлбөмбөгийн холбооны шагнал гардуулах ёслолын үеэр хожим зарлах болно гэдгээ амлажээ.

Мөн энэ үеэр сэтгүүлчид зорилгынх нь талаар тодруулахад "Юуны өмнө зөв засаглалыг тогтоож, ил тод байдлыг бат бөх хадгалах нь чухал гэж үзэж байна" гэв.

 

Эх сурвалж: Reuters