Оросын газрын тосны үйлдвэрүүдэд довтлох Зеленскийн шийдвэрийг Трамп “ичгүүртэй хэрэг” хэмээн шүүмжилжээ
Украин улс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дахин довтолж эхэлсэн нь дэлхийн зах зээлд эрчим хүчний үнэ ханш өндөр буй энэ үед "ичгүүртэй хэрэг" болохыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр цацагдсан "Newsmax" сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
Трамп өөрөө Орос, Украин улсууд эрчим хүчний салбарт харилцан гал зогсоох тохиролцоонд хүрснийг өнгөрсөн Ням гарагт зарлаж байв.
Ийм тохиролцоонд хүрсэн талаар Оросын эрх баригчид огт ам нээгээгүй бол Зеленский үүнийг Трампын мэдэгдлээс л анх удаа сонсож байгаагаа илэрхийлсэн юм.
Гэхдээ тэр хэрвээ Оросын тал зөвшөөрвөл Украин улс дагахад бэлэн байгааг илэрхийлж, агаарын цохилтоо түр завсарлаж байлаа.
Харин Пүрэв гарагт буюу Трампын мэдэгдлээс хойш гурван өдөр өнгөрсний дараа Зеленский агаарын цохилтоо сэргээж байгааг зарласан юм.
Украины тал Москва хотын зүүн өмнөд хэсэгт байрладаг, Оросын нийслэлийг түлшээр хангахад гол хувь нэмэр оруулдаг Роснефть компанийн үйлдвэрт довтолсны дараа Трамп "Түүний хийж буй зүйл бол дэлхийн зах зээлд газрын тосны үнийг л өсгөж байна. Энэ бол үнэхээр ичгүүртэй хэрэг гэж би бодож байна" хэмээн хэлжээ.
“Тэдэнд довтолж болох олон бай байгаа шүү дээ. Гэтэл тэд дизель түлш үйлдвэрлэдэг газруудыг онилж байна. Бидэнд ч, дэлхий нийтэд ч энэ түлш хэрэгтэй байхад тэрбээр дэлхий дахинд ямар ч тус хүргэхгүй байна” хэмээн Трамп гомдоллосон юм.
Трампыг гал зогсоосон тухай зарласнаас хойш Оросын тал Украины эрчим хүчний байгууламжууд, тухайлбал цахилгаан станцууд руу пуужин болон дроноор довтолсны улмаас олон зуун мянган хүн эрчим хүчний хангамжгүй болсон бөгөөд үүний дараа Зеленский “тэвчээр барагдсан” тухай Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэж байв.
Трампын засаг захиргаа 2022 онд эхэлсэн дайныг зогсоохын тулд нэлээд хүчин чармайлт гаргасан ч үр дүнд хүрээгүй юм.
Тэрбээр “Newsmax" сувагт өгсөн ярилцлагадаа Зеленский, Путин хоёр “бие биеэ үзэн яддаг” гэж боддогоо дахин илэрхийлсэн бөгөөд энэ нь мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байгааг онцолжээ.
"Би Зеленскийг тийм ч их таашаадаггүй. Тэд хоёулаа л дайныг дуусгахыг хүсэж байгаа байх, гэхдээ миний бодлоор Путинтэй харьцуулахад Зеленскийтэй тохиролцоонд хүрэх нь илүү хэцүү юм шиг санагддаг" гэж Трамп энэ үеэр хэлсэн байна.
Украин улсыг Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү довтлохыг зогсоохын тулд Трампын засаг захиргаа хиймэл дагуулын системийнхээ ашиглалтыг хязгаарлах зэргээр дарамт шахалт үзүүлэх болсон гэх мэдээлэл бий.
Уг шийдвэр Цагаан ордон дотроос гарсныг АНУ-ын албаны хоёр хүн баталсан ч яг хэн нь шийдвэр гаргасан, хэн хэрэгжүүлсэн талаар тодорхой нэр дурдаагүй байна.
АНУ-ын дэмжлэг суларсан энэ үед Европын холбоотнууд Украины гол түшиг тулгуур болж байгаа.
Украинд үзүүлэх цаашдын дэмжлэгийн асуудлыг хэлэлцэхээр Зеленский өчигдөр буюу Баасан гарагт Брюссель хотноо Европын Холбооны удирдагчидтай уулзсан байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
