Ажлаа аваад ердөө таван өдөр болсон Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийг Трамп халжээ
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдоод ердөө тав хонож буй Кэти Закариаг ажлаас нь чөлөөлсөн тухай албаны хүн Баасан гарагт мэдээлжээ.
Түүний албан тушаал хашсан богинохон хугацаанд хуульчийн мэргэжил болон Хятад улстай холбоотой асуудлууд гол сэдэв болж байв.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түүнд шинэ ажлынхаа талаар дахин нэг бодож үзэхийг зөвлөсөн ч өөрөө ажлаас халах шийдвэр гаргаагүйгээ мэдэгджээ.
Цагаан ордны гадаа сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп "Би түүнд 'Чи аз жаргалтай байх нь дээр болов уу, энэ ажилд чи хэзээ ч аз жаргалтай байж чадахгүй байх' гэж хэлсэн. Энэ ажилд хялбар зүйл гэж огт байхгүй" хэмээн ярьсан байна.
Тэрбээр цааш "Би түүнд чин сэтгэлээсээ 'Хэрэв би чиний оронд байсан бол дахин нэг бодож үзэх байсан... сайн бодоод үзээрэй' гэж хэлсэн. Магадгүй энэ ажил түүнд тохирохгүй байсан байх" гэж хэлсэн юм. Түүнийг ажлаас нь халсан эсэхийг асуухад Трамп "Үгүй, үгүй. Би түүнийг сайн сайхан амьдраасай л гэж хүсэж байна. Хэвлэл мэдээллийнхэн түүн рүү маш их дайрч, хүнд байдалд орууллаа" хэмээн хариулжээ.
Аравдугаар сарын 9-ний өдөр Трамп албан тушаалд томилсон тухайгаа зарлахдаа түүнийг "хуульч" хэмээн тодорхойлж байв. Харин Баасан гарагт тэрбээр Закариаг хуульчийн ажил эрхлүүлэхээр бус, харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллуулахаар авснаа тайлбарлажээ.
Асуудлын гол нь Закариагийн хуульчийн мэргэжил болон Хятад улстай холбоотой ярьсан зүйлс байсан юм.
Тэрбээр Пүрэв гарагт консерватив үзэлт тоймч Жек Пособиецийн подкастад ярилцлага өгөхдөө Хятад улсад ажиллаж байсан үеэ дурсаж, тус улсад олигтой бие засах газар ч байдаггүйг шүүмжилсэн байна.
LinkedIn профайлд нь түүнийг 2011-2013 оны хооронд Хятадын хамгийн том хуулийн фирмүүдийн нэг болох Zhong Lun-ы Бээжин дэх салбарт хуульчийн туслахаар ажиллаж байсан гэж тэмдэглэжээ.
Цагаан ордны албан тушаалтны мэдээлснээр тэр хуулийн сургууль төгссөний дараа нөхрийнхөө Америкийн хувийн хөрөнгө оруулалтын компани дахь ажлын улмаас Хятад руу нүүсэн юм байна.
Мягмар гарагт сэтгүүлчид түүнээс хуульчийн шалгалтаа хаана өгсөн талаар асуухад "Хятад руу нүүх үедээ" гэж хариулснаар энэ асуудал анхаарлын төвд орсон юм.
Гадаадын иргэд Хятадын хуулийн фирмүүдэд ажиллаж болох ч Хятад улсад хуульчийн эрх авах боломжгүй байдаг.
Пүрэв гарагт Пособиец болон Fox News-ийн хөтлөгч Шон Ханнити нартай тус тусад нь ярилцахдаа тэрбээр 2011 онд Пеппердин их сургуульд хуулийн зэрэг авсныхаа дараа Калифорни мужийн хуульчийн шалгалтыг өгсөн боловч тэнцээгүй гэдгээ, мөн АНУ-д хуульчийн үйл ажиллагаа явуулах ямар ч эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Ханнититай ярихдаа тэр "Би Хятадад амьдрахаа мэдэж байсан болохоор хуульчийн шалгалтын дүн надад чухал биш байсан" гэж хэлсэн байна. Мөн тэрээр Пособиецтэй ярилцахдаа өөрийгөө "хуульч" гэж нэрлэсэн нь "буруу ташаа мэдээлэл" гарах шалтгаан болсныг тайлбарлажээ.
Zhong Lun фирмийн төлөөлөгч New York Times сонинд өгсөн ярилцлагадаа тус фирм нь хэл, соёлын ялгааг даван туулахад туслуулах зорилгоор гадаадын иргэдийг ажиллуулдаг бөгөөд "тэд хэзээ ч Хятадын хуулийн дагуу хуульчийн үйл ажиллагаа явуулдаггүй" гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээс үзвэл Закариагийн гүйцэтгэж байсан үүрэг нь цалинтай дадлагатай төстэй зүйл байсан бололтой.
Цагаан ордны зүгээс Лхагва гараг хүртэл Закариаг хамгаалсаар байсан бөгөөд Трампын олон нийттэй харилцах албаны захирал Стивен Чунг хэвлэлд ярихдаа түүнийг "онцгой ур чадвартай, маш сэргэлэн ухаантай" хүн гэж тодорхойлж байв.
Өмнө нь ажиллаж байсан Каролин Ливиттийн халааг авсан Закариа ердөө нэг удаа л товч хэвлэлийн хуралд оролцсон юм.
Мягмар гарагт тэрбээр ердөө гурван сэтгүүлчийн асуултад хариулсны дараа 14 орчим минутын дотор хурлаа өндөрлүүлжээ. Харин Ливиттийн анхны хэвлэлийн хурал 47 минут орчим үргэлжилж байв.
Ханнитид өгсөн ярилцлагадаа Закариа ажилдаа ороод "найман цаг ч болоогүй" байсан тул бэлтгэл муутай байсан ч "чадах бүхнээ хийсэн" гэж тайлбарлажээ.
Закариа ажлаа хурдан сайжруулахгүй бол "Скарамуччигийн тогтоосон дээд амжилтыг эвдэж" магадгүй гэсэн сануулга авсныг Цагаан ордны нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтан энэ долоо хоногийн эхээр "MS NOW" сувагт мэдээлсэн юм.
Трампын засаглалын эхний бүрэн эрхийн хугацаанд Цагаан ордны олон нийттэй харилцах албаны захирлаар томилогдсон Энтони Скарамуччи ердөө 10 хоног ажиллаад 2017 оны долдугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан юм.
Трампын хувьд олон нийтийн дэмжлэг суларч, Конгрессын завсрын сонгуулийн өмнө тулж ирээд байгаа эгзэгтэй цаг мөчид Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөө томилж чадахгүй байгаа нь асуудал болж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
