Теслагийн “нисдэг” автомашины загварыг Илон Маск танилцууллаа
Баасан гарагт Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск тийрэлтэт хөдөлгүүрээр тоноглогдсон, өөрийнх нь нэрлэснээр "нисдэг" автомашиныг олон нийтэд танилцууллаа.
Олны анхаарлыг ихэд татдаг "нисдэг автомашин"-ы салбарыг бодитой ажил хэрэг болгоход техникийн болон зохицуулалтын саад бэрхшээлүүд тулгарсаар өнөөдрийг хүрсэн юм.
Техас муж дахь SpaceX-ийн туршилтын талбайд болсон нээлтийн арга хэмжээний үеэр Маск шинэ Roadster спорт загварын машиныг олон нийтэд үзүүлжээ.
Тесла компанийн X (хуучнаар Twitter) хуудсаар шууд дамжуулсан танилцуулгын үеэр уг машин ган хийцтэй налуу зам дээрээс хөөрч, агаарт бүрэн эргэснийхээ дараа дөрвөн дугуйн дээрээ буусан юм.
Маск энэ үеэр "Нисдэг машин бол бодит зүйл" гэж хэлээд уг автомашиныг "амжилттай болно гэсэн баталгаа байхгүй ч... ажиллаж магадгүй юм" хэмээн ярьсан байна.
Хоёр хүний суудалтай энэхүү спорт автомашин нь үзүүлбэрийн үеэр жолоочгүй байсан бөгөөд үүнийг тэрбээр "хэн нэгнийг гэмтээхгүйн тулд" гэж тайлбарлажээ.
Маскийн хэлснээр уг автомашин нь агаарт хөөрөх болон газарт хурдлах зориулалттай 10 ширхэг тийрэлтэт хошуу, "хэт өндөр даралттай агаарын сав"-аар тоноглогдсон гэнэ.
Мөн 0-ээс 100 км/цаг хурдыг нэг секундээс бага хугацаанд авах чадвартай бөгөөд дээд хурд нь 370 км/цаг хүрэх боломжтой юм байна.
Технологийн салбарын тэрбумтан энэхүү бүтээлээ "дэлхийн шилдэг автомашины компани болон дэлхийн шилдэг пуужингийн компанийн хамтын ажиллагааны үр дүн" гэж тодорхойлсон нь Тесла болон SpaceX-ийг хэлсэн хэрэг байв.
"Энэ нь үндсэндээ пуужин шиг нисэж чадна" гэж Маск хэлжээ.
Roadster загварыг тэр "аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан машин гэж хэлэхэд хэцүү" ч "зам дээр явдаг бодит машин байх болно" гэж тайлбарласан байна.
"Бүх улс орон, бүс нутгийн хууль тогтоомжид нийцэх эсэхийг мэдэхгүй ч, хэн нэгний эзэмшиж болох ийм машин бий болно" гэж тэр нэмж хэлжээ.
Маск уг машиныг 2028 онд үйлдвэрлэлд нэвтрүүлэхээ мэдэгдсэн юм. Гэхдээ тэр Тесла болон SpaceX-ийн бүтээгдэхүүнүүдийнхээ худалдаанд гарах хугацааг эрт зарладаг ч, хожим хэдэн жилээр хойшлуулдаг зуршилтай гэдгээрээ танигдсан нэгэн билээ.
Roadster загварыг олон нийтэд танилцуулах үйл явц ч бас олон удаа хойшлогдсон бөгөөд хүмүүс үүнийг дор хаяж есөн жилийн турш хүлээсэн юм.
Теслагийн вэб сайт дээр сонирхсон худалдан авагчид "Performance" загварын Roadster, эсвэл нэмэлт тийрэлтэт хөдөлгүүрээр тоноглогдсон "Thrust" загварыг урьдчилан захиалах боломжтой. Гэхдээ эцсийн худалдах үнэ нь хараахан тодорхой болоогүй байна.
Америкийн нисэхийн салбарын анхдагч Гленн Кертисс 1917 онд нисдэг машины анхны туршилтын загварыг танилцуулж байжээ.
Гэвч цахилгаан хөдөлгүүр болон өндөр хүчин чадалтай батарейн технологи хөгжихийн хэрээр бодитой загваруудыг бүтээх асуудал сүүлийн жилүүдэд л илүү нухацтай яригддаг болсон юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
