Микрокредит ББСБ Зориг сантай хамтран эрүүл мэндийн салбарын 20 оюутанд тэтгэлэг олголоо
Монголын эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Микрокредит ББСБ нь Зориг сантай хамтран эрүүл мэндийн чиглэлээр суралцдаг 20 оюутан тэтгэлэг олгож, батламж гардуулах арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Микрокредит ББСБ нь иргэд, өрх гэр бүл, бизнес эрхлэгчдэд Зээлийн үйлчилгээ, Итгэлцлийн үйлчилгээ болон санхүүгийн зөвлөгөө өгөх чиглэлээр сүүлийн 12 жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд залуусын боловсролд хувь нэмэр оруулах, дотоодын их дээд сургуульд суралцаж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох санаачилгыг гаргажээ.
Энэ жил нийт 101 оюутнаас тэтгэлэгт хамрагдах хүсэлт ирснээс сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй эмч, эм зүйч, эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар суралцаж буй 20 оюутан шалгарсан байна.
Өнөөдрийн гардуулах ёслолын үеэр Микрокредит ББСБ-ийн Гүйцэтгэх захирал Г.Булганчимэг "Эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахад багахан ч гэлээ тус дэм үзүүлэх үүднээс энэхүү тэтгэлгийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Сурлагын өндөр амжилттай, нийгэмдээ манлайлж буй эрүүл мэндийн чиглэлээр суралцдаг оюутнуудыг дэмжиж байгаадаа баяртай байна. Тэтгэлэг авч буй 20 оюутандаа баяр хүргэж, амжилт хүсье" гэв.
Мөн Зориг сангийн зөвлөх, С.Зориг агсны ах С.Баяр "Манай гэр бүлийн хувьд эрүүл мэндийн салбартай ойр дотно холбоотой. Миний ээж Доржпалам нь эмч мэргэжилтэй хүн байсан.
Бусад мэргэжлийг бодвол эмч хүн маш хариуцлагатай бас олны талархал хүлээж чаддаг буянтай ажил юм. Тэтгэлэгт хөтөлбөрийг ивээн тэтгэж буй Микрокредит ББСБ-д Зориг сангийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Тэтгэлэг авч буй оюутнууддаа амжилт хүсэж сайн эмч, эмнэлгийн ажилтан болоорой гэж ерөөе" хэмээн ярилаа.
"Микрокредит ББСБ" нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй АШУҮИС-ийн гуравдугаар дамжааны оюутан О.Эгшиглэн "Бидэнд итгэл хүлээлгэж, сурч боловсрох хүсэл эрмэлзлийг маань дэмжин тэтгэлэг олгож байгаад талархал илэрхийлье. Энэхүү тэтгэлэг бидэнд зөвхөн санхүүгийн дэмжлэг бус ирээдүйн зорилгодоо тэмүүлэх хүсэл эрмэлзлийг бадрааж байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна. Ирээдүйд мэдлэг чадвараараа нийгэмд эерэг нөлөө авч ирсэн мундаг мэргэжилтэн болно гэдгээ амлаж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэтгэлэг авсан оюутнуудын зургуудаас...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

