Бусаны 31 дэх удаагийн олон улсын кино наадмаас найруулагч С.Бямбын “Zogsool” УСК дөрвөн шагнал хүртлээ
Guru media болон Nomadia Pictures-ийн хамтран бүтээсэн “Zogsool” уран сайхны кино БНСУ-ын 31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмын Vision Awards-аас “Vision of Jiseok Award”, “Hylife Vision Award”, “NETPAC Award”, түүнчлэн олон улсын кино шүүмжлэгчдийн “International Critics Prize” зэрэг дөрвөн шагналыг хүртлээ.
Тус бүтээлийг Монгол, Герман, Франц, Тайланд, Камбож улсын 50 гаруй уран бүтээлчийн оролцоотойгоор нийтдээ хоёр жилийн хугацаанд бүтээсэн ба олон улсын 3,000 гаруй бүтээлээс шалгарч, Монголын кино урлагийн олон улсын тавцанд гаргасан амжилтыг шинэ түвшинд хүргээд байна.
Киноны тухайд:
Цар тахлын үеийн хүний амьдрал, нийгмийн бодит байдлыг егөөдөл, зүйрлэл, өвөрмөц кино хэлээр илэрхийлсэн тус бүтээл нь энэрэл, тэсвэр хатуужил, итгэл найдварын тухай өгүүлэх бөгөөд эгэл жирийн хүмүүсийн амьдралд улс төр болоод эдийн засгийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байдгийг өгүүлсэн түүх ажээ.
Nomadia Pictures-ийн хамтын ажиллагаа, хувь нэмэр
Nomadia Pictures нь 2013 оноос эхлэн кино контент үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж, дотоодын болон гадаадын уран бүтээлчид, продакшн компаниудтай хамтран бүрэн хэмжээний уран сайхны болон олон ангит кино, баримтат цуврал, шоу нэвтрүүлэг, анимэйшн зэргийг бүтээсээр ирсэн ба, үндэсний кино бүтээл, уран бүтээлчдийг олон улсын зах зээлд таниулан хүргэхийг зорин ажиллаж байна.
“Zogsool” уран сайхны киноны олон улсын амжилт нь энэхүү зорилгын бодит илэрхийлэл болж, Монголын кино уран бүтээлчдийн авьяас чадвар, олон улсын хамтын ажиллагааны үнэ цэнийг харууллаа. Nomadia Pictures-ийн хувьд энэхүү амжилт нь Монголын кино урлагийн өвөрмөц өнгө төрх, өгүүлэмжийг олон улсын үзэгчдэд хүргэх, цаашдын хамтын ажиллагаа, уран бүтээлийн шинэ боломжуудыг нээхэд чухал алхам болж байна.
Түүнчлэн “Zogsool” уран сайхны кино 2026 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

