Тавдугаар сарын 10-ны өдөр Оросын арми зүүн хойд Украины Харьков хотын чиглэлд шинэ давшилт эхлүүлсэн юм.
Дайны эхний саруудад Оросын талаас Харьковын чиглэлд довтолж байсан ч Украины армийн хариу цохилтын үр дүнд хил даван ухарч байжээ.
Зүүн хойд хилийн гүн рүү 5-10 км зайд нэвтэрсний дараа Украины зэвсэгт хүчин Оросын давшилтыг зогсоогоод байгааг ерөнхийлөгч Володимир Зеленский AFP агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.
Гэхдээ энэ нь давшилтын “эхний давлагаа” байж болзошгүй, удахгүй дахин шинэ давшилт эхлүүлж магадгүйг тэр анхааруулжээ.
Дайсны хүчийг фронтын шугам дээр тогтоон барихад шаардлагатай агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн ердөө дөрөвний нэг Украины армид байгааг Зеленский энэ үеэр мэдэгдээд Өрнөдийн холбоотнуудад тусламжаа шуурхайлахыг уриалсан юм.
Бямба гарагт Харьков мужийн захирагч Олег Синегубов нийтдээ 9,907 иргэнийг тус бүс нутгаас нүүлгэн шилжүүлээд байгааг мэдээлжээ.
Харьковын чиглэлийн давшилтыг эхлэхийн өмнө фронтын шугам дээр Орос, Украины цэргийн тооны харьцаа 7:1 байгааг Киевийн албаныхан мэдээлж байв.
Хүн хүчний дутагдлаа нөхөх зорилгоор Зеленский хоёр хууль батлаад байгаа. Нэг нь шоронгийн зарим хоригдлуудыг цэрэгт дайчлах, нөгөө нь цэргийн дайчилгаанаас зутсан хүмүүст оноох торгуулийн хэмжээг тав дахин өсгөх юм.
Украины хугацаат цэргийн алба хаах насны босго 25 байгаа бол Оросынх 18 байгаа. Киевийн хууль тогтоогчид одоогоор насны доод босгыг үүнээс илүү бууруулахыг хүсэхгүй байна.
Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ярихдаа Оросын армийн давшилтын шинэ чиглэл нь Харьков хотыг эзлэх бус, хилийн энэ хэсэгт буфер бүс үүсгэх зорилготой гэж мэдэгдсэн юм.
Үүнийгээ тэр Украинтай хил залгаа Белгород мужийг чиглэсэн довтолгооноос хамгаалах зорилготой гэж тайлбарлажээ.
Шинэ давшилтын хариуд Украины арми өчигдөр Оросын болон Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт нисгэгчгүй онгоцны томоохон довтолгоог зохион байгуулжээ.
Тухайлбал Хар тэнгисийн эргийн Новороссийск хот болон Крымийн хойгийн Севастополь хот дахь Оросын цэргийн байгууламжуудад довтолсон тухай Украины тагнуулын алба мэдээлсэн байна.
ОХУ-ын батлан хамгаалах яам сүүлд Крымийн хойгт 51, Краснодар мужид 44, Белгород мужид зургаан Украины нисгэгчгүй онгоцыг устгаснаа мэдээлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!