Улаанбаатар хотын эрчим хүчний төвийн систем чадлын дутагдалд орж айл өрх, ААН-үүдийн цахилгааны хэрэглээг өдөрт 1-2 цаг хязгаарлаж байна.
Харин цаашид энэ байдал хэвээр үргэлжлэх үү, эрчим хүчний найдвартай хэрэглээг хэрхэн хангах тухайд хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 14%-аар нэмэгдэж байсан бол энэ оны арванхоёрдугаар сар гарснаас хойш оргил ачааллын үед 8%-аар нэмэгджээ.
Эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэглээг найдвартай хангах төслүүдийг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.
Бөөрөлжүүтийн 150МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын хоёрдугаар блок гэрээ ёсоор 2025 оны аравдугаар сард ашиглалтад орно.
Төв аймгийн Баян сумын нутагт “Касэн” группийн барьж байгаа нийт 600МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын 300МВт нэгдүгээр блокийг 2027 оны зургаадугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр эрчим хүчний төвийн систем найдвартай эх үүсгүүртэй болно" гэж танилцууллаа.
Түүний танилцуулсан 660 МВт-ын дулааны цахилгаан станцын шавыг энэ оны аравдугаар сард тавьсан бөгөөд станц ашиглалтад орсноор Монгол Улсын хэмжээнд хүчин чадлаараа "ТЭЦ-IV" цахилгаан станцын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэх эрчим хүчний том эх үүсгүүртэй болох юм байна.
Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Касен пауэр грийн энержи” компани ажиллаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!