Уншиж байна ...

"Хэрэглээний импорт дэмжсэн зээлд тавигддаг шаардлагуудыг эргэж авч үзэх, бизнес эрхлэгчдийн зээлийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй"

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2025.12.16/ Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж байна.  

Энэ үеэр сонсголд оролцогч Монголын ажил олгогч нарын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал н.Нанжидсамбуу "Хувийн хэвшилд хамгийн их дарамт болж байгаа зүйл бол зээлийн хүү байна. Зээлийн барьцааны бөгөөд хөрөнгийн шаардлага хангахгүй байгаа бизнес эрхлэгчид өндөр хүүтэй зээлийн дарамтад ихээр орж байна. Үүнийг Монгол Банкны эрх үүргийн хүрээнд багасгах боломж бололцоог та харж байна  уу" гэв. 

Нэр дэвшигч С.Наранцогт: Өмнөх бодлогын алдаа, тэлэлтийн үр дүнгээс болж бодит өсөлтөөсөө хэтэрсэн төсөв, мөнгөний бодлого явуулсан. Өнөөгийн бодлогын хүү өндөр байгаа нь өнөөгийн Монгол Улсад тохирсон байх ёстой арга юм. Энэ нь үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарт халтай. Хүчээр буулгавал тогтвортой байдлаа алдана. 

Бодлогын хүү бол зээлийн хүүг гол тодорхойлдог зүйл. Богино хугацаанд гурван төрлийн цогц арга хэмжээ хийгдэх ёстой. 6 сарын дотор бодлогын хүүг буулгах боломж одоогийн хугацаанд байхгүй байна. Зээлийн өсөлт 24 орчим хувьтай байна. Зээлийн бүтцийг харахад 60 хувь нь хэрэглээний зээл байна. Салбарын балансыг харвал дотоод цэвэр активын үзүүлсэн нөлөө нь 10.3 хувь, гадаад цэвэр актив буурсан байгаа нь зээл импорт болж байгаа буюу хэрэглээ рүү нэлээд яваад байна. 

Үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарыг бодоод бодлогын хүүг буруулбал бидний макро тэнцвэр алдагдах учир богино хугацаанд бодлогын хүүг буулгах боломжгүй. Хөөсөө хагалахгүйгээр зөөлөн агшааж бодлогын хүүг инфляцын түвшинтэй уялдуулж буулгах арга байгаа. 

Нөгөө талдаа Монгол Банкнаас бүтцийн өөрчлөлт оруулах макро тэнцвэртэй бодлогын арга хэмжээг хэрэглэх, хэрэглээний импорт дэмжсэн зээлд тавигддаг шаардлагуудыг эргэж авч үзэх, бизнес эрхлэгчдийн зээлийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй" гэв.