Уншиж байна ...

Сирийн дарангуйлагч асан Ассадын гэр бүл Москвад тансаг боловч эрх чөлөөгүй амьдарч байгааг мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Жил орчмын өмнө эрх мэдлээ алдсан Сирийн ерөнхийлөгч асан Башар аль-Ассад одоо гэр бүлийн хамт Москвад амьдарч байгаа юм.

Их Британийн “The Guardian” сонин өчигдөр түүний Москва дахь амьдралын талаар Оросын албаны эх сурвалж болон Ассадын гэр бүлтэй ойр эх сурвалжаас олж авсан мэдээллээ нийтэлжээ.

Ассад 2024 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр босогчдын зэвсэгт хүчин нийслэл Дамаск хотод ойртож ирэх үед Оросын цэргийнхний тусламжтай Сириэс дүрвэсэн юм.

Тэрбээр 13 жил үргэлжлэхдээ 620,000 орчим хүний аминд хүрч, 14 сая орчим хүнийг дүрвэхэд хүргэсэн иргэний дайны хөлд сүйрсэн улс орныг орхиод явж байв.

“Путин эрх мэдлээ алдсан Ассадыг нөлөө бүхий хүн, хүндтэй зочин гэж үзэхээ нэгэнт больсон” гэж Кремльд ойр эх сурвалж мэдээлжээ.

Түүний баталснаар Ассад эх орноосоо дүрвэхээс өмнө хөрөнгийнхөө нэлээд хэсгийг Орос руу шилжүүлж амжсан гэнэ.

Тиймээс тэр одоо Москвагийн баруун захад оршдог элит хороолол Рублевкад амьдарч байгаа ажээ. Энд Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович бас амьдардаг гэсэн мэдээлэл бий.

Ассадын гэр бүл одоо өндөр зэрэглэлийн дэлгүүр худалдааны төвүүдээр хэсэж, гэр орноо тохижуулахад ихэнх цагийг зарцуулж байгаа ажээ.

Тухайлбал түүний охин Зейн тансаг ангиллын гоо сайхны салоны үйлчлүүлэгч болж, Москвагийн өндөр үнэтэй фитнес клубт гишүүнээр элссэн байна.

Гэсэн хэдий ч Ассадын гэр бүл Оросын нийгэмд идээшин дасаж чадахгүй нэлээд бэрхшээлтэй тулгарч байгааг эх сурвалж мэдээлжээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Зейнийг Москвагийн Олон Улсын Харилцааны Их сургуулийг төгсөхөд Ассадын гэр бүл ганцхан удаа олон нийтийн өмнө ил гарч байжээ. Гэхдээ Ассад өөрөө энэ үеэр байгаагүй байна.

Ассад одоо орос хэл заалгаж, өөрийн үндсэн мэргэжил болох нүдний эмчийн мэргэжлээр давтан суралцаж байгаа гэнэ.

Тэрбээр Лондонд энэ мэргэжлийг эзэмшсэн бөгөөд улс төрч болохоосоо өмнө Дамаск хотын эмнэлэгт дадлагажиж байжээ.

Ассад мөнгө олох гэж биш, зөвхөн хүсэл сонирхлын үндсэн дээр эмчийн мэргэжлээ сэргээж байгаа бөгөөд түүний үйлчлүүлэгчид Москвагийн чинээлэг давхаргынхнаар хязгаарлагдаж магадгүйг гэр бүлийнх нь найз “The Guardian” сонинд ярьсан байна.

Ассад бас Кремлийн суртал нэвтрүүлгийн суваг RT болон Америкийн консерватив подкаст сувгуудад ярилцлага өгөх хүсэлт гаргасан ч Оросын эрх баригчид одоогоор зөвшөөрөөгүй байгаа гэнэ.

Иракт суугаа ОХУ-ын элчин сайд Эльбрус Кутрашев өнгөрсөн сард хэвлэлд ярихдаа Сирийн удирдагч асны улс төр, олон нийттэй харилцах үйл ажиллагааг Кремль хориглосон тухай мэдээлж байв.

“Ассад тэнд амьдарч болох ч улс төрийн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тэр ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах эрхгүй болсон. Гэхдээ тэр аюулгүй байгаа” гэж Иракийн хэвлэлд элчин сайд ярьжээ.

Ассадын эхнэр, хөвгүүд өнгөрсөн хугацаанд Москвагаас Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) руу хэд хэдэн удаа зорчсон гэнэ. Сирийг захирч байх үедээ ч тэд энэ улсад байнга зорчдог байсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр Ассадын гэр бүл ОХУ-аас тэнд шилжин суурьших сонирхолтой байгаа ч одоогоор АНЭУ-ын эрх баригчид тэднийг хүлээж авах сонирхолгүй байгаа юм байна.

 

Эх сурвалж: The Guardian