О.Батнайрамдал: Хэлцэл үргэлжилж буй энэ үед "Онтре"-гоос ₮24.3 тэрбумыг татварын дансанд шилжүүлсэн байна

Б.Бадамгарав, IKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын намрын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн.

Энэ үеэр Оюутолгойн бүлэг ордод хамаарах "Онтре" компанийн лицензийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Сангийн сайд З.Мэндсайханаас тодруулсан хэсгийг онцлон хүргэе.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Оюутолгойн бүлэг ордын хоёр лицензийн эзэмшдэг "Онтре"-гийн толгой компани саяхан нэг мэдэгдэл гаргасан. Үр дагавраараа хэдэн тэрбум ам.долларын асуудал яригдана. Бид хэлэлцэж буй төсвөөс том мөнгө. "Онтре" компани өөрийн харьяалалд байгаа стратегийн ордод харьяа бүхий Шивээтолгой, Жавхлант хоёр лицензийг "Оюу толгой" компанид шилжүүлэх татвараа төлж, тодорхойлолт авах ёстой. Ийм процесс явж байсан учраас Хянан шалгах түр хороо байгуулсан. Энд сууж буй гишүүд 120 дугаар тогтоол баталж, "Онтре" дээр хөрөнгө оруулалтын гуравдагч том гэрээг байгуулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. 

Гэтэл "Онтре"-гийн захирлын гаргасан мэдээлэлд 2026 оны зургаадугаар сард Монголын татварын алба руу 24.3 тэрбум төгрөгийг татвар болгон шилжүүлсэн байна. Үүнийг гаднын сайтаас харж мэдлээ. Татвар төлсөн мэт сонсогдож байгаа ч үр дагавар маш том. "Онтре" дээр хэлцэл явагдаж байгаа.

Лиценз шилжүүлэхэд хоёр үйл ажиллагаа хийгдэх шаардлагатай. Стратегийн ач холбогдол бүхий ордын лиценз УИХ-ын бүрэн эрхийг давж шилжих гээд байсныг Хянан шалгах түр хороо гаргаж зогсоосон. Харин гуравхан сарын өмнө "Онтре" лицензээ "Оюу Толгой"-д шилжүүлэх татварын бодолтоо хийгээд 24.3 тэрбум төгрөг өгчихлөө. Энэ юу болоод байна вэ? Гурван их наядын ногдол ашиг авна гээд "Онтре"-гоо тавиад туучхаж байгаа юм биш биз?

Татвар төлөгдөнө гэдэг бол татварын тодорхойлолт өгсөн, өгөөгүй лиценз шилжүүлэхийг албан бусаар хүлээн зөвшөөрч байна гэж ойлгогдоно шүү. Яагаад энэ мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа юм бэ? Яагаад мөнгийг нь гурван сар дансандаа байлгаад байгаа юм бэ? Эсвэл "Оюу толгой"-д лиценз шилжүүлэхийг албан бусаар зөвшөөрч байна гэж ойлгох уу? Гарах хариуцлагыг хэн хүлээх вэ? Хөрөнгө оруулалтын гурав дахь том гэрээ "Онтре" дээр хийгдэх гээд хүлээж байна. 

Сангийн сайд З.Мэндсайхан: Засгийн газар "Онтре"-гийн эзэмшиж буй Жавхлант, Шивээтолгойн лицензийг шилжүүлсэн ямар нэг үйлдэл хийгээгүй. "Оюу толгой"-н хэлэлцээртэй холбоотойгоор "Онтре"-гоор барьцаалсан болон "Онтре"-гийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй. Лиценз шилжсэн асуудал огт байхгүйг хариуцлагатайгаар хэлье.

Зургаадугаар сард тухайн компани лицензийн шилжүүлэлтэд оногдох татвараа өөрсдөө тооцоод татварын дансанд 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн. Татварын алба тооцож нэхэмжлэл өгсөн асуудал байхгүй. Энэ мөнгийг нь буцаа гэж та хэлж байна лээ. Яагаад буцаагаагүй вэ гэхээр, нэгдүгээрт "Онтре"-гийн төрийн эзэмшлийн хувь тодорхой болоогүй байгаа. Жавхлант, Шивээтолгой лицензийн эдийн засгийн үр ашгийн тооцоолол тусдаа хийгдээгүй байна зэрэг үндэслэлээр Татварын албанаас ямар нэг тодорхойлолт өгөөгүй. Хуулийн дагуу татварын албанаас тодорхойлолт авснаар лиценз шилждэг гэдгийг та сайн мэдэж байгаа. Ийм асуудлууд байхгүй. 

Хоёрдугаарт Монгол Улсын аж ахуйн нэгжүүд татвар төлөхдөө зөвхөн татварын орлогын дансанд төвлөрүүлдэг. Лиценз шилжүүлэлтийн данс гэж тусдаа байдаггүй. Тиймээс татварын орлогын дансанд орж ирсэн. Тэр компанийн өөр бусад суутган тооцох татварт нь тооцож байгаа. Түүнээс биш лиценз шилжүүлэхэд 24.3 тэрбум төгрөг шилжүүлээд, тэр нь тусдаа дансанд байгаад бид нар шилжүүлэхгүй барьж байдаг асуудал огт байхгүй.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Ойлгож байна. Гэхдээ "Онтре" компанийн хоёр лицензийг "Оюу толгой" руу шилжүүлэхэд шаардлагатай төлбөрөө төлөөд ахиц дэвшил гаргалаа гэдэг мэдээллийг Канадын хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулагч нартаа өгсөн байна. Орж ирсэн 24.3 тэрбум төгрөгийг буцаахгүй бол лиценз шилжүүлэхийг албан бусаар хүлээн зөвшөөрсөнтэй ялгаагүй агуулга хөрөнгө оруулагч талд уншигдаж байна гэсэн үг. Хэлцэлд нөлөөлнө. 24.3 тэрбум төгрөгийг буцаах ёстой. Хэлцэл явж байх үед ийм зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй.

Сангийн сайд З.Мэндсайхан: Монгол Улсын Засгийн газрын байр суурийг танд тодорхой хэлсэн. Лиценз шилжүүлэлтийн татвар хураамжийг авдаг тусдаа данс гэж байхгүй. Тэр компани өөрөө тооцоолоод оруулж ирсэн. Монголын Татварын алба ямар нэг нэхэмжлэл өгөөгүй. "Оюу толгой"-н хэлэлцээртэй холбоотойгоор "Онтре" дээр ямар нэг үүрэг хүлээгээгүйг хариуцлагатайгаар хэлье. Тэр компани юу гаргаж, яаж тайлбарлахад би өмнөөс нь хариуцлага хүлээдэг нь ч биш.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: "Оюу толгой"-н хэлцэл дээр Сангийн сайд З.Мэндсайханыг түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна. Төсөв оруулж ирэхдээ "Оюу толгой"-гоос гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэдэг бол таны үед хийгдэж байгаа том гавьяа. Нөгөө талаас 24.3-хан тэрбум төгрөгийг буцаахгүйгээрээ ямар том үр дагавар руу орох вэ гэдгээ та нар сайн тооцоолоорой. 24.3 тэрбум төгрөгийн татвар "Онтре"-гийн данс руу Төрийн данснаас буцаж шилжих ёстой. Хэлэлцээрт энэ нөлөөлбөл хэдэн их наядын үр дагавар яригдана. Зөв хийнэ гэж найдаж байна.