О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед бүлгийн хурал дээр хэлэлцээд эцэслэнэ
Ардчилсан намын улс төрийн зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа. Тус хурлаас гарсан шийдвэрийг намын дарга О.Цогтгэрэл танилцуулав.
Тэрбээр "МАН-ын олонхын Засгийн газарт хариуцлага тооцох тухай асуудал болон одоо явж буй төсөв санхүүгийн хэлэлцүүлгийн талаар мэдээлэл солилцож ярилцлаа. Эрх баригч МАН-ын дотоод зодоон төрийн зовлон, түмний зүдгүүр болсон өдрүүд үргэлжилж байна.
Дотоод зодооноо бусдад нааж нялзаах, АН-аас болж болохгүй бүтэхгүй байгаа мэтээр мэдээлэх хүсэл сонирхол асар их байгаад бид анхаарч ажиллах хэрэгтэй.
Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх шаардлагыг манай улс төрийн зөвлөлөөс тавьж байгаа. Өнөөдөр улс төрийн зөвлөл хуралдаж байх хооронд Ерөнхий сайдын зүгээс Ардчилсан намаас тавьж буй шаардлагыг хүлээж авна гэх байр суурийг илэрхийлсэн гэж ойлгосон. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед бүлгийн хурал дээр хэлэлцээд эцэслэнэ.
Манай нам иргэдийн орлогыг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлд байнга байр сууриа илэрхийлж ирсэн. Цалин тэтгэврийг нэмэх ёстой ч үрэлгэн төсвөө хасах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Улсын төсвийг цаг хугацаанд нь батлах хэлэлцүүлэгт АН-ын гишүүд идэвхтэй оролцоно" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
