Б.Пүрэвдагва: 126 дугаар сургуулийн орчимд баригдаж байгаа явган хүний гүүрэн гарцыг энэ онд ашиглалтад оруулна

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам дагуу, зам тээврийн осол аваар их гардаг “хар цэг”-ийн гурван байршлыг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн газраас тодорхойлж, тус байршлуудад явган хүний гүүрэн гарц барихаар болоод буй. Үүний нэг нь Баянзүрх дүүргийн 126 дугаар сургууль орчимд барьж буй явган хүний гүүрэн гарц байна.

Энэ тухай Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: Налайхын шинэ зам баригдсанаар тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэж, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэл замтайгаа огтлолцож байсан учраас автомашинд шүргүүлэх зэрэг гэмт хэрэг нэлээд бүртгэгдсэн байдаг. Энэхүү хар цэгийг үндэслэж явган хүний гүүрэн гарц барих судалгааг гаргасан.

"Чанар хийц" ХХК-ийн инженер Б.Мягмар: Гүүрэн гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, энгийн иргэдийн алхдаг шат, 8 тулгууртай, 3.2 м өндөртэй.

Хотын дарга Б.Пүрэвдагва "Баянзүрх дүүргийн 126 дугаар сургууль орчимд баригдаж байгаа явган хүний гүүрэн гарцын бүтээн байгуулалтад нийслэлийн зүгээс бүтээн байгуулалтын ажилд нэмэлт төсөв, хөрөнгийн дэмжлэг үзүүлнэ. Энэ онд багтааж гүүрэн гарцыг ашиглалтад оруулах үүргийг өгч байна.

Явган гүүрэн гарц ашиглалтад орохоор ойр ойрхон гэрэл дохиогоор гарахгүй учраас замын урсгалын дундаж хурдад нөлөөлж, тээврийн хэрэгсэл ч саадгүй зорчдог болох юм" гэв.

Үндэсний компаниудын гүйцэтгэж буй уг байгууламж нь иж бүрэн гэрэлтүүлэгтэй, өвөл халтирахгүй, тусгай хэрэгцээт иргэд хүндрэл бэрхшээлгүй зорчих замтай барихаар төлөвлөжээ.

Гүүрэн гарцыг Баянзүрхийн товчооны явган хүний гарц дээр, 126 дугаар сургуулийн харалдаа гарц, шинэ суурьшлын бүс болох Эмийн ургамал буудлын ард талд гэсэн гурван байршилд барих бөгөөд Нийслэлийн Замын Санд төвлөрсөн хөрөнгөөс ₮5.7 тэрбумыг зарцуулахаар баталжээ.