Гэрээт байгууллагын нэрээр их хэмжээний шатахуун олгож байгаа эсэх, дамлах зэрэгт хяналт тавихыг шаардлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Шатахууны шуурхай штабын ажлын хэсгийн төлөөлөл шатахууны хангамж, нийлүүлэлт, түгээлтийн асуудлаар шаардлага тавьж буй иргэдийн төлөөлөлтэй өчигдөр уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтаар иргэд шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тавих хяналт, хариуцлагыг чангатгах, шатахууны чанарыг шуурхай шалгах тогтолцоог сайжруулах, дамлан худалдаалах болон гэрээт байгууллагын нэрээр их хэмжээний шатахуун олгож байгаа эсэхэд хяналт тавих, хангамж, түгээлтийн бодит мэдээллийг иргэдэд тогтмол хүргэх зэрэг санал, шаардлага тавив.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны салбарт олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцох, хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллаж байгааг мэдээлэв.
Мөн иргэдийн төлөөллийг Шатахууны шуурхай штабын ажлын хэсэгтэй хамтран ШТС-уудад хийх хяналт шалгалтад оролцуулах саналыг дэмжлээ. Шаардлагатай тохиолдолд шатахууны чанарт газар дээр нь хяналт тавих, дээж авч шинжлүүлэх үйл ажиллагаанд иргэдийн төлөөллийг оролцуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллана.
Сайд Г.Дамдинням шатахууны хомсдол, эрэлт хэрэгцээг ашиглан зохиомол хязгаарлалт үүсгэх, дамлан худалдаалах нөхцөл бүрдүүлсэн зөрчил тогтоогдвол холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцохыг аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. Түүнчлэн ШТС-уудын хяналтыг сайжруулах зорилгоор нэгдсэн камерын систем болон автомашины улсын дугаараар шатахуун худалдан авалтын давтамжийг бүртгэж, хянах технологийн шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.
ШАТАХУУНЫ НӨӨЦ, ИМПОРТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Ердийн үед өдөрт ойролцоогоор 1,000 тонн АИ-92 автобензин борлуулагддаг бол одоогийн нөхцөлд өдөрт 1,700-1,800 тонн хүртэл нийлүүлж байгаа ч эрэлт өндөр хэвээр байгааг уулзалтын үеэр мэдээллээ.
Шатахууны хангамжийн эрсдэлийг урт хугацаанд бууруулах хүрээнд Засгийн газраас аж ахуйн нэгжүүдтэй хамтран 150 мянган м³ багтаамж бүхий шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Ингэснээр ердийн хэрэглээний үед 45 хүртэл хоногийн нөөц хадгалах боломж бүрдэх юм.
Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны импортод тодорхой эрсдэл үүсэж байгаа ч нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, эх үүсвэрийг төрөлжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн татан авах яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн зэрэгцээ БНСУ, Сингапур болон бусад боломжит эх үүсвэрээс шатахуун импортлох ажлыг эрчимжүүлж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Шатахууны шуурхай штаб шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, нөөцийг нэмэгдүүлэх, түгээлтэд тавих хяналтыг сайжруулах, иргэдэд зохиомол хүндрэл үүсгэхгүй байх чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна гэж Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


