Багш бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэх, багш, судлаачдын мэргэжлийн хөгжлийг дэмжих зэрэг боломжийн талаар санал солилцов
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзан, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Кембрижийн боловсролын түншлэлийн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлж, Монгол Улсын Боловсролын Их Сургууль(МУБИС)-ийн чадавхыг нэмэгдүүлэх, багш бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэх, багш, судлаачдын мэргэжлийн хөгжлийг дэмжих боломжийн талаар санал солилцов.
Дээд боловсролын хамтын ажиллагааны хүрээнд Монгол залуусыг Их Британид магистрын түвшинд суралцахад дэмжлэг үзүүлж ирсэн Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрт талархал илэрхийллээ.
Мөн МУИС, NCUK байгууллагын хооронд байгуулсан санамж бичгийг бодит сургалтын боломж болгон хэрэгжүүлэхийн зэрэгцээ Монголын бусад их сургуулийг Их Британийн их сургуулиудтай түншлэл тогтооход дэмжлэг үзүүлж, 2+2, 1+3 хэлбэрийн хөтөлбөрүүдийг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Ингэснээр оюутнууд сургалтынхаа эхний хэсгийг Монгол Улсад, үлдсэн хугацааг Их Британид суралцаж, олон улсын боловсрол эзэмших боломжийг өргөжүүлэх юм гэж Боловсролын Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
