Холливүүдийн од Жим Кэрри өөрөөсөө 32 насаар дүү, солонгос гаралтай бүсгүйтэй гэрлэжээ
Холливүүдийн од Жим Кэрри өөрөөсөө 32 насаар дүү Мин А хэмээх бүсгүйтэй Лос-Анжелес хотод гэрлэж, гурав дахь удаагаа гэр бүл зохиосон тухай Америкийн хэвлэлүүд мэдээлжээ.
TMZ, People зэрэг АНУ-ын хэд хэдэн хэвлэлийн мэдээлснээр Кэрри саяхан Лос-Анжелес хотод цөөн тооны хүмүүсийн хүрээнд хуримын ёслол үйлдсэн байна.
Мин Аг солонгос гаралтай гэдэг ч үүнийг нь албан ёсоор баталсан мэдээлэл одоо болтол ил болоогүй байгаа.
Хос хоёр 2022 онд болзож эхэлсэн ч харилцаагаа олны нүднээс хол байлгасаар иржээ. Тэд энэ оны хоёрдугаар сард Францын Парис хотод болсон "Сезар" (César Awards) кино наадмын үеэр анх удаагаа олны өмнө хамтдаа гарч ирсэн юм.
Кэрри тус ёслолын үеэр хүндэт шагнал гардаж авахдаа Мин Аг "гайхалтай хамтрагч" хэмээн тодорхойлж, түүнд хайртайгаа илэрхийлж байжээ.
Энэхүү гэрлэлт нь Холливүүдийн хамгийн алдартай инээдмийн жүжигчдийн нэг болох 64 настай Кэррийн хувийн амьдралын шинэ хуудсыг нээж байна.
1962 онд төрсөн тэрбээр 1987 онд жүжигчин бөгөөд өмнө нь зөөгч байсан Мелисса Вомертэй гэрлэж байв. Тэд Жэйн Кэрри хэмээх охинтой болсныхоо дараа салсан юм.
Хожим нь тэр "Dumb and Dumber" кинонд хамтран тоглосон жүжигчин Лорен Холлитой гэрлэсэн ч энэ гэрлэлт мөн л салалтаар төгссөн байна. Үүний дараа Кэрри жүжигчин Рене Зеллвегертэй сүй тавьсан ч тэд хэзээ ч гэрлээгүй юм.
Кэрри "The Mask", "Batman Forever", "Dumb and Dumber", "The Truman Show", "Bruce Almighty", "Eternal Sunshine of the Spotless Mind" зэрэг киногоороо дэлхий дахинд алдаршсан жүжигчин билээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
